Ирэх сарын 24-ний өдөр зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан билээ. Хуульд заасан нөхцөл байдал үүссэн тухайлбал, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгч нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, төрийн албанд орсон зэрэг шалтгааны улмаас нөхөн болон дахин сонгууль явуулах гэж байгаа” гэв.
Сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдэж, тэдний санал авахаар 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт санал авах байр байгуулагдаад байна. Нийт 83 нэр дэвшигч бүртгэгдэж саналын хуудсанд бичигджээ.
Нөхөн болон дахин сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг 6 дугаар сарын 02-ны өдөр нэгэн зэрэг олгоно.
Ийнхүү санал авах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулахаар төлөвлөж байгаа аж.