“Улаанбаатар” брэнд худалдаанд гарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ шингээж хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Энэхүү брэндийг “Батзүү” ХХК үйлдвэрлэж эхэллээ. Уг компани 1996 оноос оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1999 оноос сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг явуулж үйлдвэрлэл, борлуулалт, бизнесийн салбарт тэргүүлэгч болсон юм. “Батзүү” ХХК сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий жишиг загвар үйлдвэрийг байгуулж одоогоор энэ үйлдвэрт 60 орчим хүнийг ажлын байраар хангажээ. Ийм жишиг үйлдвэрийг дүүрэг бүрт байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Энэхүү жишиг үйлдвэрт “Улаанбаатар” брэндийн биеийн тамирын хувцас, богино цамцыг үйлдвэрлэж худалдаанд нэвтрүүлнэ.

Мөн дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой цэцэрлэгийн хүүхдийн цагаан цамц, улаан шорт, гэрийн шаахай, дүрэмт хувцас зэргийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэснээр импортын бүтээгдэхүүнийг орлох монгол брэндийг хэрэглээнд нэвтрүүлж, илүү хямд үнээр нийлүүлэх юм.

Удахгүй Улаанбаатар их дэлгүүрт “Улаанбаатар” брэндийн асар ажиллаж бүтээгдэхүүнийг худалдаалж эхлэх юм. Брэндийг нэвтрүүлэхэд “Батзүү” ХХК, “Urban” брэнд нэгдсэн байна. Тун удахгүй Нийслэлийн Засаг даргад “Улаанбаатар” брэндийг танилцуулна.

Монгол хүний биеийн онцлогт тохирсон, үндэсний уламжлалт дүр төрх, онцлог шинжийг агуулсан “Улаанбаатар” брэндийн бэлэн хувцсыг дотоодын зах зээлд нийлүүлэх нь иргэдэд эх оронч худалдан авалтыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …