Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болгохоор зорин ажиллаж байна.
Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2018” арга хэмжээг жуулчны идэвхтэй улирлын хугацаанд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь 2014 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд сүүлийн 4 жилд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил 42 хувь буурсан үзүүлэлт гарчээ.
Оюутан цагдаа нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг 70108687 дугаарт хүлээн авдаг бөгөөд Жуулчны мэдээллийн төвийг дараах байршлуудад ажлуулж байна.
Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг
Салбар 2. “Монгол гэр”, Шөнийн гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг
Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг
Салбар 4. “Иргэдэд үйлчлэх төв”, Сөүлийн гудамж, 4-р хороо Сүхбаатар дүүрэг