Ч.Бадамсүрэн: Би 20 жил загас зарж хөдөлмөрлөж байж хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэсэн

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн иргэн Чимэдхандын Бадамсүрэн. Түүнийг Хөвсгөлчүүд “Загасны эгч” гээд нэрэлчихсэн. Арга ч үгүй юм 20 жилийн турш жилийн дөрвөн улиралд Мөрөн хотыг тойрон алхаж “Загас”-аа зарж  эдүгээ 63 нас хүрч байгаа ч гэсэн бие хаа эрүүл хөнгөн шингэн алхаатай.Үеийн нөхдийн дундаа “Хүүхэд шиг гүйж харайна”. Энэ нь түүний өдөр бүр тогтмол алхаж хөдөлмөрлөж байсантай холбоотой юм. Тэрээр өглөөний  шаргал туяатай уралдан босч загасаа шарж их үдийн нар төөнөх 11 цагаас эхлэн зарах ажилдаа гардаг. Нэг мэдэхэд Мөрөнг бүтэн тойроод алхсан байдаг. Би ингэж 20 жил тасралтгүй хөдөлмөрлөж байж үр хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн дээ гэж инээмсэглэх ажилч хөдөлмөр Ч.Бадамсүрэн гуай саяхан Улаанбаатар хотод болсон    “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ.Түүнийг  энэ удаагийн зочноор урьлаа.
– “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнд  амжилттай оролцсон таньд баяр хүргэе. 
Баярлалаа. Би энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Үнэхээр их баярлаж байна. Миний насны хүмүүс 5 километрт уралдсан. Би 2008 оноос эхлэн марафоноор хичээллэж тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн.
Таныг Хөвсгөлчүүд “Загас зардаг эгч” гэвэл хүн бүр андахгүй. Хичнээн жил зарсан бэ ?
Би 1998 оноос эхлэн загас зарж эхэлсэн. Тасралтгүй 20 жил хөдөлмөрлөсөн дөө. Халуунд халах, хүйтэнд хөрөх, загасаа муутгах, зарж чадахгүй байх, эцэж ядрах гээд олон зовлон бэрхшээлийг туулсан. Гэвч “Үртэй хүн үхэж болдоггүй” гэдэг шиг үр хүүхдийнхээ төлөө хэцүү, хатуу бэрхшээл бүхнийг туулж хоёр хөлнийхөө улыг өвдтөл алхаж байж би үр хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн. Би нэг хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань сургууль соёлоо дүүргэж боловсрол эзэмшиж гар нь ганзаганд хөл нь дөрөөнд хүрлээ. Өрх тусгаарлаж би чинь ач зээгээ тойруулсан эмээ болсон. Одоо харин загас зарахаа больж эмээгийнхээ үүргийг гүйцэтгэж байна. /инээв/
– Өглөө хэдэн цагт босдог байсан бэ ? Эрт босч л энэ их ажлыг амжуулдаг байсан байх ?
Өглөөний 5 гэхэд босоод л загасаа цэвэрлэнэ, угаана, шарна. Ингэсээр байтал үд болчихно. 11 гээд л зарж эхэлдэг байлаа. Нэг л мэдэхэд Мөрөнг бүтэн тойрсон байдаг.
– Өдөрт хичнээн загас борлуулж хичнээн төгрөгний орлого олдог байсан бэ ?    
Би өдөрт 50 загас зардаг байлаа. Нэг загасыг 500 төгрөгөөр зарна. Бүгдийг нь зарж чадвал 25000 төгрөг болно. Эндээс тос, гурил, түлээ, сонгино, загасаа авна. Цэвэр ашиг 8000-10000 төгрөг үлддэг байсан. Бага гэж голохгүй хуримтлуулж хэцүү гэж шантралгүй хөдөлмөрлөж хоёр охиноо их дээд сургуулийг нь төгсгөсөн дөө.
– Охидууд томроод хэсэг тус болсон байх ?
Хоёр охин маань 2 жилийн зайтай төрсөн. Тэрсхэн өссөн юм. Сургуульд орохоосоо өмнө гурвуулаа гурван зэрэг хэсэг зарсан. Том болоод сургуульд ороод ичээд зарж өгөхөө байсан. Арга ч үгүй юм. Би ч хүүхдүүдээ ойлгоод тэр бүр заруулахаа больсон.
– Хөдөлмөрлөж чадсан хүн үр шимийг нь хүртдэг гэдэг. Та шантралгүй хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр сайхан амьдарч явна. Таны хөдөлмөрөөр бахархаж байна шүү ?
Хүн ажилд гологдоно уу гэхээс ажлыг хэзээ ч голж болохгүй. Би 16 настайгаасаа эхэлж дранк хадаж барилга дээр ажиллаж эхэлсэн. 20 настайдаа Тариаланд цахилгаан үтрэмийн барилга дээр ажиллаж байгаад 1975 онд Архангайн барилгын ТМС-д очоод таалагдахгүй болохоор орхисон. Тэгээд 1976 онд Тариаланд очиж тракторын курст сууж тракторын жолооч болсон. Эмэгтэй хүнд тракторын жолоо барина гэдэг хэцүү юм билээ. Амьдралын төлөө олон ажил хийж хөдөлмөрлөж ирсэн. Би залхуу хүнд дургүй. Хүн ямар нэгэн бэрхшээлээс шантралгүй хөдөлмөрлөж хичээж чадвал заавал үр дүнд хүрч, үр шимийг нь хүртдэг. Хамгийн гол нь ажлыг голж шилж болохгүй гэдгийг хэлмээр байна.
– Хоёр охин тэрсхэн болохоор зэрэг оюутан болсон гэж байсан. Сургалтын төлбөр, хувцас, байр сав гээд мөнгө төгрөгний асуудал их л гардаг байсан байх ?
Тэгэлгүй яахав. Мөнгө үргэлж хэрэг болно. Нэг өдөр хоёулаа яаралтай мөнгө хэрэгтэй гээд. Би ч их сандарлаа. Хэдэн загасаа шарчихаад гарахдаа автоматаар асч унтардаг плетка салгахаа мартчихаж. Гэртээ иртэл өөдөөс бөөн утаа. Ингээд орох оронгүй хүртэл болж байсан. Олон түмний тус дэм, хөдөлмөрийнхөө үр шимээр гэр оронтой болж өнөөдөр хүний зэрэгтэй сайхан амьдарч явнаа.
– Одоо загасаа дахиж зарахгүй юмуу  ?  
Одоо болсон. Хүүхдүүд маань ч хүний зэрэгт хүрлээ. Ээж одоо юу дутлаа гэж загас зарах вэ ? гээд зөвшөөрөхгүй. Өнөөдөр 64 нас хүрч байна. Бие хаа маань эрүүл, хаа ч хүртэл алхаж чадна. Энэ бол миний 20 жил тасралтгүй алхасны үр дүн гэж боддог. Хөдөлгөөний хүчинд хүн өвчингүй эрүүл, саруул  байдаг гэдэгтэй би санал нэг байгаа шүү.  /Инээв/
– Цаг наргүй хөдөлмөрлөж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн хоймор нутгийн иргэдийн минь бахархал болсон таньтай ярилцахад сайхан байлаа. Эх хүний хайр, элбэрэл, үрээ гэсэн ариун цагаан хөдөлмөрийн тань тухай чин сэтгэлийн яриа олон хүнд хийж бүтээх зориг тэмүүлэл өгнө гэдэгт итгэлтэй байна. Таньд аз жаргал эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөе .
– Баярлалаа. Бүх Хөвсгөлчүүддээ, хайртай хүүхдүүддээ, сайн сайхан эрүүл энхийг хүсье.
Б.Гантуяа 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …