Завханы Мэргэжлийн хяналтын газраас Нөмрөг суманд “Эрүүл мал эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аяны хүрээнд ажиллаж иргэн байгууллага, аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.
Энэ үеэр тус суманд хүнсний худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд, хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэдтэй уулзаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төрөөс болон аймгаас явуулж буй бодлого чиглэлийн талаарх мэдээллийг өгчээ. Мөн үеэр Завхан аймаг малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутгийн статусаа хадгалж үлдэх зорилтын хүрээнд малын гоц халдварт өвчин, түүний хор уршиг, малын шилжилт хөдөлгөөний талаар иргэд малчдад үүрэг хариуцлагаа өндөржүүлэх, тэдэнд мэдлэг мэдээлэл өгч хамтарч ажиллахад сургалт сурталчилгааг хийсэн байна.
Дашрамд дуулгахад тус газраас аймгийн хэмжээнд 425 иргэнийг “Эрүүл мал, малчны хариуцлага” нэртэй сургалтад хамруулж, 19 сумын 81 багийн 523 малчны дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Цаашид иргэдийг эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж хүнсэндээ гарал үүслийн гэрчилгээтэй, баталгаатай мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихийг тус газраас уриалжээ.