Монгол Улсын шүүхийн 2018 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцууллаа.
Тодруулбал, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Б.Отгон дараах мэдээллийг өгөв. Анхан шатны шүүх хагас жилийн байдлаар эрүүгийн 6213 хэрэг, иргэний 25438 хэрэг, захиргааны 786, нийт 34237 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ.
Үүнээс 6697 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 465 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө суллаж, 787 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Хүчиндэх, залилах гэмт хэрэг их хэмжээгээр өсчээ
Хүчиндэх, залилах, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин хүний амь насанд халдсан гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 21 хэргээр буюу 11.9 хувиар
- Хүчиндэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 43.3 хувиар
- Хулгайлах гэмт хэрэг 133 хэргээр буюу 18.3 хувиар
- Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 23 хэргээр буюу 2.7 дахин
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, зөрчих гэмт хэрэг 148 хэргээр буюу 49.3 хувиар
- Залилах гэмт хэрэг 104 хэргээр буюу хоёр дахин
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 25.5 хувиар өсчээ.
Зарим гэмт хэргийн тоо буурчээ. Үүнд Хүнийг алах гэмт хэрэг 13 хэргээр буюу 12.5 хувиар буурч, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байна.
Шүүх хорихоос өөр төлийн ялыг түлхүү оноожээ
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 64 хувиар, иргэний хэрэг өсөж, захиргааны хэрэг 26.5 хувиар буурсан байна.
Шүүхээс хагас жилийн хугацаанд нийт ял шийтгүүлсэн 6312 хүний 1657 хүнд хорих ял, 3756 хүн, хуулийн этгээдэд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг 899 хүнд оноожээ. Мөн шүүхээс 3756 хүн хуулийн этгээдийг нийт гурван тэрбум 131 сая 355 мянга 211 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс тав дахин нэмэгджээ.
Хорих ял эдлэх дэглэмийг бууруулжээ
Улсын хэмжээнд 2017 онд нийт 96 ялтны хорих ял дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлжээ. Энэ нь хаалттай нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 51 хүн буюу 34.6 хувиар хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо таван хүнээр буюу 45.4 хувиар буурсан байна.
Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо нэмэгдэв
Давж заалдах шатны шүүх 2018 оны хагас жилд эрүүгийн 1183 хэрэг, иргэний 1967 хэрэг, захиргааны 705 хэрэг, нийт 3855 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурсан байх ба эрүүгийн хэрэг 8.9 хувиар, иргэний хэрэг 8.4 хувиар, захиргааны хэрэг 23.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Хяналтын шатны шүүх 2018 оны эхний хагас жилд эрүүгийн 281 хэрэг, иргэний 1043 хэрэг, захиргааны 283 хэрэг, нийт 1607 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 18.0 хувиар, захиргааны хэрэг 5.0 хувиар тус тус буурсан бол иргэний хэрэг 4.0 хувиар өсжээ.