“Даншиг наадам-Хүрээ цам 2018” ирэх сарын 4-5 ний өдрүүдэд болох гэж байгаатай холбогдуулан наадмыг зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадмыг зохион байгуулах үндсэн шалтгаан бол Монголчууд өөрсдийн түүх соёл, шавхагдашгүй өвийг хадгалах, түүнийгээ өвлүүлэх, нийтэд таниулах юм. Мөн нийслэлд гадны жуулчид, судлаачид их ирдэг болсон болохоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар зайлшгүй зохион байгуулах хэрэгтэй.Наадмын үеэр наймдугаар сарын 2-6-нд Гандантэгчэнлин хийдэд Жахар цамын хурал болно” гэв.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Даншиг наадам бол агуулга, үр өгөөжийн хувьд ач холбогдол өндөр, томоохон арга хэмжээ юм. Бид энэхүү наадмыг нэг жилийн өмнөөс дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж эхэлсэн. Жил бүр Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо өсөх хандлагатай байна. Тухайлбал Үндэсний их баяр наадмыг үзэх гэж олон жуулчин ирдэг. Тиймээс бид үндэсний их баяр наадамтай зэрэгцэх томоохон арга хэмжээг зохион байгуулдаг нь Даншиг наадам юм. Аливаа нэг аялал жуулчлалын арга хэмжээг олон жил зохион байгуулж, сурталчилж байж үр дүнд хүрдэг, дэлхий дахинд танигддаг, жуулчдыг татдаг. Энэ утгаараа бид Даншиг наадмыг жил бүрийн 8 дугаар сарын эхний амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд манай улсыг 471 мянган жуулчин зорин ирсэн гэсэн тоо баримт байна. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхий дахинд таниулах томоохон арга хэмжээ юм” гэлээ.