Улсын Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн билээ.
Тэгвэл тусламжийн цуваа өчигдөр Баян-Өлгий аймагт хүрч, үерийн гамшигт өртсөн 80 иргэнд таван ханатай гэр, шуурхай албаны автомашин /фургон/, дугуйт ачигч /ковш/-ийг Онцгой байдлын газарт, цэвэр усны автомашиныг Өлгий сумын ЗДТГ-ын Хот тохижуулах албанд, бохир усны автомашиныг НААҮ-ний “Суат” ХХК-д тус тус хүлээн өглөө.
Мөн энэ үеэр “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагуудын олгосон тусламжийн барааг үерт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм.
Хүмүүнлэгийн тусламжийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.