Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан талаар өмнө мэдээлсэн.
Тэгвэл хэргийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ”Өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, энэ золгүй явдлын талаар мэдсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Уг хэргийг хуулийнхан шалгаж байгаа болохоор дүгнэлтийг нь хүлээхээс өөр аргагүй.
Хэрэг гарсан өдөр буюу өчигдөр би газрын дарга нартаа тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. Түүний дараа ажлаа ярилцаад үргэлжлүүлээд архи уугаад муудалцаж зодолдож дээ гэж л таамаглаж байна.
Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая ар гэрийнхэнтэй нь уулзах, эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Төрийн яаман дотор ийм золгүй хэрэг гарсанд маш их харамсаж эмгэнэж байна” гэв.