Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг нэг бус удаа гарлаа. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдэлдээ нэр бүхий ББСБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж байгаа нь давхар хохирол, ихээхэн хор уршиг дагуулж байгаа юм. Залилан мэхлэх үйлдлээ гэмт этгээдүүд иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдалд тулгуурлаж, “барьцаагүй зээл олгоно” гэх мэтээр хууран, цөөнгүй хохирогчийн багагүй хэмжээний мөнгийг зээлийн шимтгэлийн урьдчилгаа зэрэг нэрээр дансаар шилжүүлэн авч байжээ. Энэ мэт үйлдлийг иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн хууль хяналтын болон холбогдох эрх бүхий байгууллагууд шалгаж байна.
Иймд зээл авах зэрэг санхүүгийн үйлчилгээг ББСБ болон бусад санхүүгийн байгууллагаас авахдаа тусгай зөвшөөрөл, холбогдох баримтыг сайтар нягталж байх шаардлагатайг сануулж байна. Мөн зээлийн шимтгэл, урьдчилгаа болон бусад шаардлагатай мөнгөн хөрөнгийг үл таних этгээдийн дансанд магадлалгүй, баримтгүй шилжүүлэхгүй байх, хуурамч мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.