“Нийслэлийн гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалах зорилгоор жил бүрийн халаалтын улирлын үеэр “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр хорооллын өрхүүдэд байр сууцаа хэрхэн зөв дулаалахыг сурталчилж, дулааны алдагдал багатай дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан сургалт, сурталчилгааг холбогдох газруудтай хамтран хийх юм. Хамгийн гол нь жил бүр зохион байгуулах аянаар айл өрхүүдийг орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэх зөв дадалд хэвшүүлэх хэрэгтэй” гэж мэдээллээ.
Энэхүү аяны үр дүнд өвлийг өнтэй давахаас гадна эдийн засгийн тодорхой хэмнэлт хийх боломжтой гэж тооцоолж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга “Энэ өвөл урьд жилүүдийнхээс илүү хүйтэн өвөл болно гэсэн мэдээлэл бий. Тиймээс бид өвлийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Ямар нэг эрсдэл гарахад урьдчилсан бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүний нэг нь орон байраа дулаалах ажил. Зөвхөн гэр хороолол гэлтгүй нийтийн орон сууцны айл өрхүүд ч байраа дулаалах аянд хамрагдах нь зүйтэй” гэж онцоллоо. Хуралдаанаар “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аян зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болж, орон сууц, контор, албан байгууллага, цахилгаан станцын өвлийн бэлтгэл, түлшний нөөцийг шалгаж эрсдэлтэй газруудыг тодорхойлох үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.