Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд Крузер маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдацгаасан гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байдаг.
Тэгвэл энэ хэргийг прокурорын газраас хэрэгсэхгүй болгосныг хохирогчдын ар гэрийнхэн нь эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд талийгаачийн Х.Пүрэвсайханы ээж Ц.Бат-Өлзий, эгч Х.Алгирмаа нар оролцлоо.
Талийгаачийн ээж Ц.Бат-Өлзий “Би гомдохын дээдээр гомдож байна. Үр хүүхдийг минь алчхаад ингэж байхад хууль хяналтын байгууллага ингэж ажиллах ёсгүй. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг байсаар байтал хэрэгсэхгүй болгож буйд их харамсч байна. Хэргийн холбогдогч н.Баатарсүрэн, Ө.Цэцэгшагдар хоёрын үгээр энэ хэрэг шийдвэрлэгдээд дууссан.
Намайг хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй байж байгаад сая хэрэг хаагдахад танилцуулсан. Тэгэхдээ миний талийгаач охинд хэрэг үүсгэж энэ хэргийг эзэнгүйдүүллээ. Хүний аминд хүрсэн Ө.Цэцэгшагдар гэгч биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Дүгнэлтийг гурван удаа гаргахдаа дандаа баяр ёслолын үеэр тааруулж Ө.Цэцэгшагдарын талд гаргадаг. Прокурорын байгууллага ийм олон хүний амь насыг хохироосон хүнийг өмөөрч надтай нохой мэтээр харьцдаг, “Та энэ дээр гарын үсэг зураад хариад унш” гэж тулган шаарддаг. Энэ хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй. Гэрчтэй хэрэг байтал Ө.Цэцэгшагдарын мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Гэрч болон Ө.Цэцэгшагдар хоёрын мэдүүлэг зөрдөг. Миний өөд болсон охиныг буруутан болгон нэр дээр нь хэрэг нээсэн энэ төрийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байна” гэж мэдээллээ.