НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг НИТХ-ын дарга С. Амарсайхан танилцуулснаар хуралдаан 10:00 цагт эхэллээ.
Хуралдаанд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Н. Батсүмбэрэл, Д.Мөнхжаргал, С.Эрдэнэтуул нарын тэргүүлэгч нар оролцлоо.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн хяналт шалгалтын дүн, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ.
МХЕГ-ын дэд дарга Б. Батшагай“Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 7-р сарын 19-23ний өдрүүдэд иргэдийн гомдлын дагуу хийсэн шалгалтаар хоёр иргэний гар дээрээс ил шорлог худалдаалагдаж байгааг зогсоосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа түргэн үйлчилгээний 17 цэг, зайрмагийн үйлчилгээ эрхэлж байгаа зургаа, хөөсөн чихрийн үйлчилгээ эрхэлж байгаа хоёр, хүүхдийн тоглоомын зургаан газарт хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр хүнсний худалдаа эрхлэгчдэд ажлын байран дахь ариун цэвэр хангаагүй байна.Жишээ нь: Хоолны газруудад ажиллагсад хумсаа авдаггүй, бөгж, бугуйвч зүүсэн зөрчлүүд байна.
Мөн хүнсний худалдаа эрхлэгчид иргэдэд хуванцар болон шаазан таванд гялгар уут хийж халуун хоолыг таваглан үйлчилсэн зөрчлүүдийг илрүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн хяналт шалгалтаар нийт хоёр сая есөн зуун мянган төгрөгийн торгуулийг ногдуулсан” гэж хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга С. Амарсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлыг бид хэлэлцэх ёстой, зугтах ёсгүй. НИТХ-ын тэргүүлэгчид ард иргэдийнхээ төлөө ажиллаа хийж байгаа гэж бодож байгаа. Тэргүүлэгчид иргэдийн гомдол саналыг хүлээн авч, үнэн худлыг нь магадалж сайн муу жишээг нь харьцуулж байж төр захиргааны байгууллагууд ажиллаа зүй зохистой явуулах ёстой. Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд хөндөгдөөд байгаа асуудал өнөөдөр ч бий болчхоогүй. 2008 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Үнэхээр л ажил хариуцуулж байгаа бол эрхийг нь өг, хариуцлага тооц. Цэцэрлэгт хүрээлэнг тодорхой болгох ёстой.