Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Талууд тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болж байна.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан:Үйлдвэрчний эвлэлээс хугацаагүй ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Өнөөдрөөс ажил хаялт албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна.Ирэх даваа гарагт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор хэвийн үргэлжилнэ. Ажил хаялт бол ингээд зогсож байна. Харин хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцана
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг: Багш нарын цалин хөлс бусад салбараас доогуур байсан. Талууд тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Тиймээс 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс ажлын ачааллыг үнэлдэг болно. Жишээлбэл нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгоно. Ирэх онд багш нарын цалинг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь 2014 оноос хойш багш эмч нарын цалингийн ялгаа 4.3 хувь байсан. Мөн төрийн үйлчилгээний албан хаагч 25 мянган хүний цалинг ижил хэмжээнд авчирлаа. Засгийн газрын талаас багш нарын цалинг 2019 онд 20 –иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ тохиролцоонд хүрлээ. Бидний тавьсан шаардлага хангалттай хэмжээнд хүрээгүй ч тодорхой хувиар цалин нэмэх боллоо.