“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” аян эхэллээ

Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аян эхэллээ.

Өнөөгийн нийгэмд өсвөр үе, залуучууд цахим сүлжээнд оролцолгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх болсон.

Тухайлбал Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглэгчийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернэт орчинд үйлдэгдэж байгаа бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс тус тус мэдээлээд байгаа билээ.

Мэдээллийн технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа хэдий ч багагүй сөрөг талуудыг дагуулж байгаа юм. Иймд цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм.

Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин бүрдүүлэхэд залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:

Улс орны хөгжлийн тулгуур болох өсвөр үе, залуучууд цахим орчинд ихэнх цагаа зарцуулж, бүх төрлийн мэдээ, мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авснаар цахим гэмт хэрэгт өртөх, эх сурвалж нь баталгаагүй мэдээлэлд төөрөлдөх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна.

Монгол Улсын 3 хүн тутмын нэг нь залуу хүн бөгөөд залуучууд цахим орчинд идэвхтэй оролцдог. Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс гадна, залуучуудын дуу хоолой, оролцоог идэвхжүүлж, хамтран ажиллах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт оролцсон гурван зуун залуучууд эерэг цахим орчин бүрдүүлэх элч болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин- Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж, 7 хоногийн турш цахим орчинд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалсан эерэг мэдээлэл түгээх юм.

Тухайлбал Даваа гараг “Эерэг мэдээллийн өдөр”, Мягмар гараг “Талархах өдөр”. Ням гараг “Хамгааллын өдөр” буюу энэ өдөр өсвөр насныхны цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулж, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар хүүхэддээ, дүүдээ, гэр бүлийнхэндээ, найздаа зааж өгөх өдөр юм” гэлээ.

МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав:

Залуус бид нэн тэргүүнд цахим орчинд бусдын нэр төрд халдахгүйгээр мэдээлэл солилцох, хамтрах зэрэг эерэг боломжийг эрэлхийлэх, бий болгох хэрэгтэй. Мөн цахим орчинд аюулгүй зөв сонголтуудыг хийх, эерэг контентуудыг бүтээж, түгээж бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой.

Залуучуудаа цахим орчинд эерэг, хариуцлагатай оролцоог дэмжиж, өдөр бүрийг эерэг мэдээллээр эхлүүлж байхыг уриалъя” гэв.

Тус хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болор, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, Доктор, Профессор Ж. Батбаатар, “Хэвлэлийн Хүрээлэн” ТББ-ын Гүйцэтгэх захирал, Доктор М.Мөнхмандах, “Хэвлэл Мэдээллийн Зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, “Эко” телевизийн редактор Ц.Цогцэцэг, “Хүннү.мн” цахим мэдээллийн сайтын гүйцэтгэх захирал Ц.Соёлмаа, МУБИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав нар оролцож, цахим орчин ба өнөөгийн нөхцөл байдал, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, эерэг, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд залуучуудын оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд, залуучууд сэтгүүл зүйг сошиал ертөнцөөс салгаж, ялгах мэдлэг, чадвар дутмаг байна. Үүний улмаас хуурамч болон өрөөсгөл мэдээлэлд хууртах, нийгэм, юмс, үзэгдлийн талаар дутуу дулимаг, буруу ойлголттой болох эрсдэл өндөр байгаа талаар санал нэгдэж, хэрэгцээтэй мэдээллээ үр дүнтэйгээр эрж хайх, мэдээллийн үнэн бодит байдалд шүүмжлэлтэйгээр хандах, үнэлэх, интернэтийн орчинд санал бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэтгэх, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах боломж, арга замын талаарх мэдлэг, ойлголттой болох хэрэгтэй байгааг онцлов.

“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” 7 хоногийн аян

Даваа гараг – Эерэг мэдээллийн өдөр

Бусдад хэрэгтэй, эерэг мэдээллийг түгээцгээе
Мягмар гараг – Талархах өдөр

Бусдад талархал илэрхийлцгээе
Лхагва гараг – Бахархах өдөр

Сайн үйлсийн тухай мэдээллийг түгээцгээе
Пүрэв гараг -Тусч өдөр

Бусдад тус хүргэцгээе
Баасан гараг – Өөрийгөө хөгжүүлэх өдөр

Амьдралын зөв хэвшилд бусдыг уриалцгаая
Бямба гараг – Хариуцлагатай өдөр

Өсвөр насныхны аюулгүй цахим хэрэглээнд анхаарал хандуулцгаая
Ням гараг – Хамгааллын өдөр

Цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргад суралцацгаая.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …