Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Хохирогч 16-17 настай гурван охиныг хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл заслын арга хэмжээг авчээ.
А, Ч, Ө, А, А нар нь бага насны охидтой цахим хуудсаар танилцан дотно харилцааг үүсгэн эрхшээлдээ оруулж уг гэмт хэргийг энэ оны гуравдугаар сараас эхлэн долоодугаар сар хүртэл үйлдэж байсныг тогтоогоод байна. Энэ хугацаанд охидыг буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргээр дарамтлан, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх дээрх нэр дурдсан этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.