Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хайж байна. Тодруулбал, БНХАУ-ын харьяат иргэн эрэгтэй 25 настай М, 28 настай эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй байгаа юм.
Тэднийг сураггүй алга болсон тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийлэн нийт 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Улмаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, 2018 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр дахин эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг өнөөдөр /2018.11.05/ өглөөний 08.00 цагт дахин эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын 16 аврагч, 11 цагдаа, тус сумын Захирагчийн ажлын албаны найман ажилтан, БНХАУ-ын есөн иргэн, нийт 44 хүн гурван бүлэгт хуваагдан хайж байна.