Монгол Улсын аварга, Увс аймгийн Сагил сумын харьяат, гавьяат тамирчин, улсын начин Лувсангийн Энхбаяр агсны нэрэмжит “Аваргын гараа” чөлөөт бөхийн олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 3-4-нд Увс аймгийн спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.
Увс аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ, МЧБХ, аймгийн чөлөөт бөхийн хамтран зохион байгуулсан тэмцээнд хот, хөдөөгийн 19 байгууллагын 230 гаруй тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жинд өрсөлдөв. Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Увс аймгийн засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболд, Сагил сумын засаг дарга Д.Дэлгэрхишиг, Лу.Энхбаяр агсны хань Д.Алтанцэцэг, төрсөн дүү, чөлөөт бөхийн спортын мастер, улсын начин Л.Өлзийбаяр, Увс аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн гавьяат дасгалжуулагч Д.Төрмөнх нар оролцсон юм.
Нээлтийн үеэр Лу.Энхбаяр агсны хань Д.Алтанцэцэгт аймгийн БТСГ, Сагил сумын ЗДТГ, Сагил сумын Улаангом дахь нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлсэн юм.
Хөвгүүдийн багийн дүнгээр Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Улаангомын II сургууль тэргүүлж, Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клуб, Ц.Буянт дасгалжуулагчтай Увс аймгийн III сургууль удаалсан. Охидын багийн дүнг Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймаг, Д.Гомбожав дасгалжуулагчтай VI сургууль, С.Банзрагч дасгалжуулагчтай Наранбулаг сумын баг эхний гурван байрыг эзлэв. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Жаргалсайхан ажилласан.