
Эрүүл мэндийн яамнаас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна.
Энэхүү судалгаанаас харахад уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч учраас Эрүүл мэндийн яамнаас уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байгаа.
Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг 2016 оноос хойш хийж эхэлсэн ба энэхүү вакциныг 2,4,9 сартай хүүхдүүдэд хийдэг байгаа. Энэ оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн бүх дүүргийн хүүхдийг вакцинд хамруулж эхлээд байна.
Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэгийн эцэг эхчүүд хамтран бүх хүүхдээ маскаар хангасан байна” гэлээ.
Маскжуулах аяныг өрнүүлсэн дуучин М.Амарсанаа “Урлаг соёлын төлөөлөгч, зарим аж ахуйн нэгжтэй хамтран маск түгээх аяныг өрнүүллээ. Одоогоор бид нийт 1,000 гаруй маскийг цуглуулан цэцэрлэгийн багачуудад тараагаад байна. Энэ удаа хоёр удаагийн шүүлтүүртэй буюу 14 хоног хэрэглэх маскийг багачууддаа тараалаа” гэв.
Агаарын бохирдлын өртөлтийг бууруулах зорилготойгоор хүүхдэд маскийг заавал зүүлгэх шаардлагатай.
Хүүхдэд маск зүүлгэхдээ юуг анхаарах вэ:
Хүүхдийн нүүрэнд тохирсон маск зүүлгэх,
Маскийг худалдаж авсны дараагаар зөвлөгөөтэй сайтар танилцах,
Гэрээс гарахын өмнө сайтар битүүмжилж, цэцэрлэгтээ орсны дараагаар маскаа авах,
Маскын ариун цэврийн байдлыг сахих. Учир нь эцэг эхчүүд хүүхдийнхээ маскийг аваад кармандаа хийчихдэг. Энэ нь буруу бөгөөд тусгай уутанд хийж хадгалах нь зөв юм. Мөн болвол тогтмол угааж цэвэрлэх, шүүлтүүрийг солих хэрэгтэй.
Маскийг дамжуулж хэрэглэж болохгүйг анхаарна уу.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл