“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсон энэхүү түүхэн өдөр Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрын өмнө босголоо.
“Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан түүний энэ гавъяаг хүндэтгэн тус үйлдвэр, Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөлтэй хамтран уг хөшөөг бүтээжээ.
Хөшөөний нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, аймгийн Засаг дарга Д.Батлут, Ю.Цэдэнбал агсаны дүү Ю.Жавзан болон Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөлийн төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ны 94 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон билээ.
XX зууны манлай бүтээн байгуулалт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ уурхайчин хамт олон энэ өдөр дурсан хүндэтгэж байна.