Хэвтэрт ортлоо зодуулсан багшийн эрүүл мэндийг 15 мянган төгрөгөөр үнэлжээ

Цэцэрлэгийн эрхлэгч нь багшаа зодож хүнд гэмтээсэн хэрэг Говь-Алтай аймгийн Тонхил суманд гарчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон уг хэргийн хохирогч Р.Таня Улаанбаатар хотод олон сар эмнэлэг, сувиллаар явж биеэ тэнхрүүлээд саяхан нутаг буцжээ. Үр хүүхдүүд нь энэ хэргийг шийдүүлж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахын тулд сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, шүүх, цагдаа гээд хөлөө хүрэх бүх газраар явж байгаа аж. Түүний охин Т.Шинэбаяртай уулзаж энэ талаар ярилцсан юм.

-Болсон явдлын талаар тодорхой ярихгүй юу?

-Энэ хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд болсон. Манай ээж Тонхилын цэцэрлэгт багш ажилтай. Цэцэрлэгийн эрхлэгч Р.Эрдэнэ нь ээжтэй минь адилхан тавь гаруй насны эмэгтэй хүн. Ээж минь тэр өдөр 32 хүүхэдтэй ангидаа ажиллаж байсан гэсэн. Тэгтэл эрхлэгч нь өрөөндөө дуудаж оруулаад мөнгөн аяганд цэлэлзтэл архи дүүргээд “Уугаадах” гээд өгсөн байгаа юм.

-Тэр өдөр ямар нэг тэмдэглэлт баяр болж байсан юм болов уу?

-Баяр тэмдэглээгүй. Өрөөндөө согтуу байсан гэсэн. Өгсөн архийг нь уулгүй “Би өнөөдөр 32 хүүхэдтэй ажиллаж байна. Чи ажил ямаршуухан байна гэж асуудаггүй мөртлөө яагаад архи уу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн гэсэн. Ээжийг минь “Ажлын байр тавьж өгдөггүй” гэж зоддог гэсэн. Хоёр дахь удаагаа зодсон нь тэр. Өнгөрсөн жилийн есдүгээр сард “Ажлын байр тавьж өг” гэж зодсон гэсэн. Миний ээж яагаад ч ажлын байраа өгөх шаардлага байхгүй. Тэтгэвэрт гарах нас нь болоогүй, өөрөө жар хүртлээ ажиллана гэсэн хүсэлтэй байгаа. Ээжийг минь барьж аваад “Ажлын байр тавьж өг. Зайл п… минь” гээд хөөдөг гэж байгаа байхгүй юу.

-Хэзээнээс ингэж дарамталж эхэлсэн юм бол?

-2011 оноос эхэлсэн байгаа юм. 2011 онд Р.Эрдэнэ эрхлэгч өрөөндөө дуудаад өргөдөл бичүүлсэн гэсэн. “Чиний нэр дээр 5.8 сая төгрөг ирсэн байна. Энэ мөнгийг ав. Одоо авахгүй бол эргээд олдохгүй шүү” гээд байхаар ямар ч багш хүн эрхлэгчийнхээ үгэнд итгэнэ биз дээ. Энэ жил бас таван сая төгрөг өгөх гэсэн байгаа юм. Ээж тэр үед надтай утсаар ярьж “Надад эрхлэгч маань цувуулаад мөнгө өгөөд байх юм. Ямар учиртай мөнгө юм бол. Миний охин яваад асууж мэдээч” гэлээ. Би Боловсрол шинжлэх ухааны яаманд очоод холбогдох хүмүүстэй нь уулзсан чинь “Танай ээжид 2011 онд ямар ч мөнгө өгөх ёсгүй байсан. Тэр ямар учиртай мөнгө вэ. Харин энэ жил буюу 2013 онд тэтгэвэрт гарах хүмүүсийн нэрсийн жагсаалтад ээжийн чинь нэр Говь-Алтайгаас иржээ. Тэтгэвэрт гарахад нь өгөх тэтгэмжийн 19 сая төгрөг батлагдчихсан байна. Ийм л мөнгө энэ жил батлагдсан. Түүнээс өмнө ямар ч мөнгө улсаас төсөвлөөгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь болсон бүх үйл явдлыг АТГ-т бичээд өгсөн.

-Тонхилын цэцэрлэг улсынх биз дээ. Гэтэл хувийнх мэт л байдаг байсан гэж нутгийнхан ярилцдаг юм билээ?

-Тонхилд ганцхан л цэцэрлэг байдаг. 11 ажилтных нь дөрөв нь Р.Эрдэнийнхэн. Р.Эрдэнэ өөрөө эрхлэгчээр нь ажиллаад хоёр бэр, төрсөн дүүгээ ажиллуулдаг. Ийм хууль бус юм байна аа. Үүнийг шалгаад өгөөч гэж АТГ-т шалгууллаа. Тэгтэл өнөө мөнгийг нь тогтоогоод гаргаад ирсэн. Р.Эрдэнийн   тэтгэвэрт гарах эрх нь 2011 онд үүссэн юм билээ. Тэр үед тэтгэмжийн мөнгө 18 сараар бодогддог байж. Дараа оных нь тавдугаар сард хууль өөрчлөгдөхөөр болоод 36 сар болсон. Сарынх нь хэмжээ нэмэгдэхээр авах мөнгөн дүн нь нэмэгдэнэ дээ. Тэр бүхэн л Р.Эрдэнэд ашигтай санагдаад ээжээр минь хүчээр өргөдөл бичүүлээд өөртөө ирсэн мөнгийг шилжүүлсэн байгаа юм. Гэтэл хууль ёсоор авах тэтгэмжийн мөнгөнөөс нь эдгээр хууль бус мөнгүүдийг нь хэдийнээ хасчихсан байна. Ийм хууль бус үйл ажиллагаа болоод байхад Говь-Алтайхан яагаад гаргаж ирэхгүй байгаа юм бэ. Дарга нар нь хоорондоо холбоо сүлбээтэй. Даргын суудалдаа арав, хорин жил суучихсан хүмүүс. Нэгэн дээр нь яваад орохоор нөгөөхөө хаацайлсан улс. Иргэдээ хүлээж авдаг ганц ч хүн байхгүй байна.

tonhilbagsh

-Аймгийн Засаг даргадаа хандсан уу?

-Ээжийгээ хэвтэрт ортлоо зодуулчихсан байсныг хараад би тэсч чадаагүй. Бүх л газарт өргөдөл гаргасан. Боловсрол соёлын газрынхан “Очиж шалгалт хийсэн. Ноцтой алдаанууд илэрсэн учир Р.Эрдэнийг ажлаас нь халуулъя” гэсэн хүсэлтээ Засагдарга Ш.Амгаланбаярт хүргүүлсэн. Гэтэл сая есдүгээр сар хүртэл өнөө хүсэлт нам зогссон. Ингэхээр чинь би ээжийгээ зодуулчихсан хүн, иргэн хүний хувьд шударга юмны төлөө зүтгэнэ биз дээ. Залуу хүн байна даа.

Засаг даргатай утсаар ярьсан чинь “Юу яриад байгаа юм бэ. Чи муу новш. Хаана тийм зодоон болсон юм. Би мэдэхгүй байна” гэж аймаар муухай харьцсан. Утсаар ингэж л ярьж байгаа юм. 55 мянган хүний толгойг хариуцаад Засаг даргын ажил хийгээд сууж байгаа хүн биз дээ. Өдий болтол ганцхан иргэнийхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа байхгүй юу. Бид нар тэр хүнд итгээд дөрвөн жил ажиллуулчихаад дахиад сонгосон. Энэ хүний уг гарал нь манай сумын хүн байхгүй юу. Тавын таван жил биднийг төлөөлж байгаа энэ хүнийг сумын иргэд нь таньдаггүй. Очиж хурал зөвлөгөөн хийдэггүй.

Ёрөнхийлөгчийн сонгуулийн үе таарчихсан байсан юм. Тэр үеэр би телевизийн шууд нэвтрүүлэгт энэ талаар цухас дурдаад маргааш нь хэвлэлийн хурал хийлгэхээр болчихоод байлаа. Тэгтэл ээж минь “Ш.Амгаланбаярын эхнэр нь утасдаж байна аа. Танай охин чинь телевизэд ярилцлага өгөөд байна. Энэ асуудлыг зогсоогооч ээ. Сонгууль болж байгаа болохоор бидэнд хэцүү байна. Нэр төрөө сэвтүүлмээргүй байна” гэж ярьж байна гэсэн. Тэр хүний нэр хүнд бидний эрүүл мэнд аминаас дээгүүр юм гэж үү. Ээж минь “Миний охин түр хүлээгээд үз. Эхнэр нь учирлаад гуйж байна. Маргаашнаас асуудлыг чинь хөөцөлдөж өгье гэнэ” гэхгүй юу. Би ээжийнхээ үгэнд ороод түр хүлээсэн. Гэтэл өнөөдрийг болтол ямар ч хариу байдаггүй. Таг болчихсон. Эхнэр нь сонгуулийн өмнө ярьж байснаас огт өөр зүйл яриад “Яахаараа Амгаланбаяр та нарын асуудлыг шийддэг юм. Наад асуудлыг чинь бид нар хөөцөлдөх ёс байхгүй” гэж харьцаж байна.

-Цэцэрлэгийн эрхлэгч Р.Эрдэнэ гэж ямархуу хүн байдаг юм бэ?

-Энэ хүн уг цэцэрлэгт багшаас нь эхлүүлээд эрхлэгч болтлоо арав гаруй жил ажилласан хүн. Р.Эрдэнийн дунд хүүгийн эхнэр нь өмнө нь сургуульд ажиллаж байгаад тэнцэхгүй гэсэн шалтгаанаар халагдчихсан. Тэгтэл тэр бэрээ цэцэрлэгтээ ажилд оруулаад яваандаа ээжийн минь оронд тавих санаатай байсан юм билээ.

-Р.Эрдэнэ эрхлэгч ажлаа хийж байгаа юу?

-Ажлаас нь халчихсан. Ажлаа хийхгүй байгаа. Би яагаад өнөөдөр гомдолтой яваад байна гэхээр миний ээж амьдралынхаа 32 жилийг бусдын үр хүүхдийн төлөө явчихаад эцэст нь эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Гэтэл энэ хүний амь нас, эрүүл мэндийг ердөө 15 мянган төгрөгөөр үнэлж байна. Ээжийг минь зодсон Р.Эрдэнийг цагдаагийнхан “Жижгээр танхайрсан” гээд 15 мянган төгрөгөөр торгоод л явуулчихсан.

-Тухайн үед танай ээж ямар гэмтэл бэртэл авсан юм бэ. Биеэ хамгаалах боломж байгаагүй гэж үү?

-Р.Эрдэнэ эрхлэгч том биетэй хүн. Би архи ууж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Архи уучихаар хүч тэнхээ орчихдог юм шиг байгаа юм. Ээж маань “Тогооч, манай ангийн туслах багш хоёр орж ирээгүй байсан бол ээж нь өнөөдөр ингээд байж байхгүй байсан” гэж ярьсан. Намайг хотоос яваад очихоор ээж минь гүйж ирээд тосдог. Гэтэл хэвтэрт орчихсон хүлээж байгааг нь хараад сэтгэл эмтэрсэн. Намайг шөнийн гурав, дөрвөн цагт унаанаас буухад хүртэл тосоод гараад ирдэг хүн, гарч ирэхгүй болохоор эвгүй л байдаг юм билээ. Гэртээ яваад ортол ээж минь бүр хачин царайтай болчихсон хэвтэж байсан. Ээжийгээ хараад цурхиртал уйлтал “Энэ зэрэгтэй байгаа минь их юм. Хэрвээ туслах багш, тогооч хоёр орж ирж намайг авраагүй байсан бол чи өнөөдөр миний оршуулгын ажлыг хийх гээд л ирэх байлаа. Хатуу хэлэхэд ийм байна” гэж хэлсэн.

Ээж маань зодуулсан тухайгаа надаас нуусан. Нуугаад хэлэхгүй байсан. Сумаас таньдаг хүн маань утасдаад “Ээж чинь зодуулчихсан, хэвтэрт орчихсон. Миний дүү ирэх юм биш үү. Ээж нь энд хэцүү байна ш дээ. Өнчин ишиг шиг. Эрдэнэ авгайд хоёр удаа зодууллаа” гэж хэлсэн.

-Өмнө нь зодуулахдаа мөн хүнд гэмтэл авсан юм болов уу?

-Р.Эрдэнийх дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүрийнхээ нэрээр Хятадаас бараа татаж оруулж ирээд Мэргэжлийн хяналтын ямар ч актгүйгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өнөөх бүтээгдэхүүнүүдээ шахдаг гэсэн. Муухай наалдчихсан ирисийг хүүхдүүдэд өгөөд байхаар нь ээж тэрийг нь авч яваад Захиргаан дээр очоод “Ийм ирис өгөөд байна. Шар өвчин гарахаар бидэн дээр л бууж, бидний буруу болдог. Үүнийг хяналт шинжилгээнд өг. Шаардлага хангаж байгаа юм уу” гэж хэлсэн байна лээ. Ингэснийх нь төлөө Р.Эрдэнэ “Чи байгууллага дээр болсон зүйлийг Захиргаан дээр очиж ярилаа” гээд зодсон байгаа байхгүй юу. Тэгэхэд сая зодуулдгаасаа бүр аймаар зодуулсан байсныг манай нутгийнхан ярьсан. Ээж минь зодуулчихаад гэр рүүгээ явж байхдаа тааралдсан хүнд “Би цементэн дээр уначихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэр болгоныг нуугаад л өнгөрдөг байж. Хөдөөний хүмүүс чинь айдастай шүү дээ. Жижигхэн газар, ажлаас халчих болов уу, яах бол гээд л хүн амьтны хэл амнаас эмээнэ.

-АТГ-аас энэ хэргийг шалгаад ямар хариу өгсөн бэ?

-Би энэ бүхнийг судлахын тулд өөрөө хуулийн мэдлэгтэй байх шаардлагатай болсон. Би Авлигын эсрэг хуулийг эхнээс нь дуустал нь уншсан. Хуулийг нь уншихаар энэ хэрэг эхнээс аваад бүгдийг нь зөрччихсөн байсан. Албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчилтэй, тамга тэмдгээ ашиглаад өөрийн нэр дээрх мөнгөө хүн рүү хүчээр шилжүүлсэн гээд их зөрчил байсан. АТГ-ын Цэдэн-Иш гэдэг мөрдөн байцаагчид энэ хэрэг ирсэн. Тэр хүн ээжийг минь дуудаж уулзсан. Шалгаж байна л гээд байдаг байлаа. Гэтэл дараа нь тодруултал хэрэгсэхгүй болгоод явуулчихсан гэсэн. Тэгэхээр нь би “Наад хэрэг чинь танай хуулиудыг эхнээс нь аваад бүгдийг нь зөрччихсөн байна. Яагаад хэрэгсэхгүй болгочихов оо” гэсэн чинь “Мэдэхгүй. Хэрэгсэх шаардлагагүй хэрэг байсан даг” гэж хариулсан.

-Тухайн үед шүүх эмнэлгээр гэмтлээ тодорхойлуулсан уу?

-Ээжийгээ зодуулсны маргааш нь би хотоос сумын мөрдөн байцаагч руу залгаж энэ тухай хүсэлт тавьж, гэмтэл бэртлийнх нь зургийг аваарай. Баримт нотолгоо хэрэгтэй гэсэн чинь “Тийм үү. Зургийг нь авах  шаардлагатай байдаг юм уу” гэж инээж тавласан. Тэгэхээр нь арван жилд сурдаг дүү рүүгээ яриад ээжийн биед нь гарсан бүх шарх сорви, хөхрөлт няцралтын зургийг аваарай. Эгчид нь хэрэгтэй шүү гээд зургийг нь авахуулсан юм.

55 мянган хүнтэй Говь-Алтай аймагт би ээжийгээ эмчлүүлэх гээд очиход улсын эмнэлгийнх нь эхо ажиллахгүй байсан. “Эвдэрчихсэн. Янзалж чадах хүн байхгүй” гэж сууцгааж байна. Хувийн ганц эмнэлэгт нь өглөө найман цаг гучин минутад очиход дөч, тавин хүн дугаарлаад зогсч байсан. Тэгээд ээжийгээ үзүүлсэн чинь “Зөөлөн эдийн гэмтэлтэй. Элгэндээ гэмтэл авсан байж магадгүй. Тийм учраас дотор эрхтэнээ сайн ажаарай” гэсэн. Ээж маань уг нь их тайван хүн. Гэтэл одоо маш их цочирдолтой. Жаахан л юмнаас цочдог болсон байна лээ. Одоо даралтын эмгүйгээр амьдарч чадахаа байсан. Байнгын түгшүүртэй.

Р.Эрдэнийн оронд очсон хүн нь ээжийг минь энэ сарын 1-нээс ажлаас нь халсан гэх тушаал гаргачихсан. Учрыг нь лавлатал “Өмнөх эрхлэгч хоёр ч удаа ээжийг чинь халах тушаал гаргачихсан байсан байна” гэж хэлсэн. Ээжийн тэтгэмжийн мөнгөнөөс одоо 2.6-хан сая нь л үлдчихсэн байна гэсэн.

-Тэтгэмжийн мөнгөнөөс нь урьд нь өгсөн хууль бус мөнгөний дүнг хасчихсан гэсэн үг үү?

-Тонхилын цэцэрлэгийн нягтлан Баясгалан гэх эмэгтэйтэй уулзаад “Та нар яагаад ээжийн тэтгэмжийн мөнгийг өгөхгүй байгаа юм бэ. Тэр та нарын хармаанаас гарах гэж байгаа юм биш. 32 жил ажиллачихсан наад хүнийг чинь төр нь үнэлээд “Баярлалаа, багш аа. Бид танд талархаад энэ мөнгийг өгч байна” гээд өгч байгаа мөнгийг та нар яагаад өөрсдөөсөө өгч байгаа юм шиг муухай аашлаад байна вэ” гэтэл “Үгүй ээ. 19 сая төгрөг ч биш. 21 сая төгрөг ээжийн чинь нэр дээр ирчихээд байна. Түүнээс 12 саяыг нь Р.Эрдэнэд өг гэж аймгаас мэдэгдсэн” гэж тайлбарласан. Би энэ талаар бүх албан бичиг баримт, төсвийн материалтай танилцахад Р.Эрдэнэ гэдэг энэ хүний нэр дээр 2013 онд улсын төсвөөс ганц ч төгрөг тусгагдаагүй байна лээ. Бүх юм ингээд ил болоод баримттай, нотолгоотой байхад Говь-Алтайн бүх дарга, цэргүүд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Би Говь-Алтайд очоод зарим нэг хүнтэй уулзаад энэ бүх байдлаа хэлсэн чинь “За даа миний дүү  наадах чинь хэцүү дээ. Манай аймагт иргэдийн асуудал бол асуудал биш байдаг. Ямар нэгэн дарга цэрэг таньдаг хүн байж л наад асуудал чинь шийдэгдэнэ” гэсэн. Үнэхээр ч тийм юм билээ. Говь-Алтайд хүмүүсийн амьдрал маш хүнд байна. Хүмүүс хууль эрхзүйн талаар ямар ч мэдлэггүй байна. Үйлдвэрчний эвлэл гэж байхгүй. Шууд ардчилал гэж хэн ч мэдэхгүй байна. Иргэний танхим гэж тэндхийнхэн дуулаагүй юм байна. Иргэн хүн ороод үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх ганц ширхэг ширээ, сандал алга. Ийм л байдалтай байна, тэнд.

Д.САРУУЛ

Эх сурвалж: Medee.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …