
Засгийн газрын өнөөдөр /2019.01.16/-ийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Уг, шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр”Засгийн газраас 2019 онд улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхээр 267 тэрбум төгрөг тусгасан. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд эдийн засагт гарсан өөрчлөлт, өсөлт нөлөөлж буйг тодотгож байна. Засгийн газар 2019 оны иргэн төвтэй төр болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэхэд цалин нэмэх асуудал түлхэц болно гэж бодож байна. 2019 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Тодруулбал, 191 мянган төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ.
Мөн 2018 оны есдүгээр сарын 1-ээс багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. 2018 оны есдүгээр сарын 1-ээс цалин нь нэмэгдээгүй албан хаагчдын цалин 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 16 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Түүнээс гадна 2014 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхдээ эрүүл мэндийн салбар, боловсролын салбарынхны цалинг тодорхой зөрүүтэй байсан гэж шүүмжилдэг. Тиймээс энэ зөрүүг арилгаж, боловсролын салбарт ажиллагсдын цалин 12,3 хувиар нэмэгдэж байгаа юм. Сүүлийн хоёр жил төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, ачаалал, ур чадварт суурилж цалингийн тогтолцоонд шилжихийг зорьж байгаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс багш, эмч нарт ажлын байранд хийсэн судалгааг үндэслэж, цалинг тооцож явна.Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оныхоос 21,6 хувиар, 2018 оныхоос 13,9 хувиар нэмэгдэж байгаа юм байна” гэлээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл