Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо зөрүүтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга нар болох Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга
А.Хаянхярваа нь:
Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй. Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй байна. Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.
Түүнчлэн мэдүүлэг гаргагч А.Хаянхярваа нь “Солид контентс”, “Аква Монгол” ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 20 дугаар зүйлийн 20.1
дэх хэсгийг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь:
Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн
эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй.
Гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй, 5.5 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota harrier” маркийн автомашиныг мэдүүлгийн “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.
2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкин дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт тус тус мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.
Мөн мэдүүлэг гаргагч Ш.Алтангэрэл нь өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг “Дөлгөөн барс” ХХКийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлсэн боловч тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагыг бусдад
хэлбэрийн төдий шилжүүлсэн байна.