Андрэа Дэ Фэлип: Нэхмэлийн технологи дамжуулах төв байгуулахаар болсонд баяртай байна 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Итали Улсын нийслэл Ром хотод болсон НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцсон.

Тэрбээр уг худалдаанд оролцох явцдаа Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микелэ Жерачитай уулзсан юм.

Уулзалтаар талууд Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай олон жил ярьсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаар тохиролцсон. Мөн түүнчлэн Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар тохирч, энэ дагуу бэлтгэл ажлыг базааж байна.

Уг уулзалтын хүрээнд өнөөдөр  Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд “Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай” эрмэлзэх бичиг байгууллаа. Эрмэлзэх бичигт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Италийн талаас тус улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Андрэа Дэ Фелип нар гарын үсэг зурав. Уг эрмэлзэх бичгийг байгуулснаар Монгол Улсад “Нэхмэлийн технологи дамжуулах төв” байгуулах эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.

 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Элчин сайд, эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлипт талархаад, уг эрмэлзэх бичигт гарын үсэг зурснаар хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хөрс суурь болно гэдэгт найдаж байна гэв. Мөн түүнчлэн Италийн өндөр технологийг манай улсад нэвтрүүлэх, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд суралцах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж олдож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын асар их нөөц, түүхий эдээр баялаг орон. Итали Улсын шилдэг туршлага, техник технологиийг нутагшуулах замаар түүхий эдээ бүрэн боловсруулж, гуравдагч зах зээл рүү гаргахад хамтарч ажиллах маш том ирээдүй байна. Хоёр жилийн өмнө Монгол Улсад Бүгд найрамдах Итали Улсын Элчин сайдын яам байгуулагдахтай зэрэгцэн нэхмэлийн салбарт хамтарч ажиллах чиглэлд яриа хэлэлцээ өрнүүлж эхэлсэн. Тэр дундаа, Монголын ноос ноолуурын холбоо нь Итали Улсын машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /АЧИМИТ/, түүний гишүүн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Энэ бүхний үр дүнд өнөөдөр хоёр тал эрмэлзэх бичиг байгуулж, Монгол Улсад “Нэхмэлийн технологийн дамжуулах төв” байгуулахаар болсонд баяртай байна гэдгээ Элчин сайд Андрэа Дэ Фэлип хэлэв.

Монгол Улс жилд ойролцоогоор 9600 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, 120 тонн сарлагийн хөөвөр, нийтдээ 10 мянга гаруй тонн ноолууран түүхий эд бэлтгэж байна. Гэсэн хэдий ч боловсруулах үйлдвэрлэл сайн хөгжөөгүйгээс хангалттай хэмжээнд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж хомс байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг баталж, жилд бэлтгэх нийт түүхий эдийн 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоогийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх талаар тусгасан.

Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд уг технологи дамжуулах төвийг байгуулснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн буюу дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон зах зээл дээр сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болж байна гэдгийг Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу онцоллоо.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …