НИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын зүгээс элчин сайд Майкл Клеческигт хандан талархал илэрхийлээд “Улаанбаатар хот АНУ-ын Денвер, Оакланд хотуудтай олон жил Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон, хамтран ажиллаж ирсэн сайхан түүхтэй. Энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд АНУ-ын хотуудын Иргэдийн Төлөөлөгчдийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Цаашид АНУ-ын хотуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхийг зорьж байгаа” гэсэн юм.

Мөн хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх, хоёр талын харилцааны үндэс болсон иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд 2019 оныг “Монгол, Америкийн Залуучуудын жил” болгон зарласантай холбогдуулан залуучуудын хөгжил, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад хандан шинэ томилогдсон ажил албанд амжилт хүсээд, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ удаагийн уулзалтыг Улаанбаатар АНУ-ын Денвер, Оакланд хотууд төдийгүй иргэд, Иргэдийн Төлөөлөгчдийн байгууллагын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд түлхэц болох нь дамжиггүй хэмээн талууд дүгнэж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …