Е.Сагсай: Бичлэгийг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан байж магадгүй

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Е.Сагсай прокурортой холбоотой асуудлыг ярьсан. Тэрбээр Е.Сагсай прокурорыг яллагдагч, шүүгдэгч нарыг ялаас мултална, хорих ангиас гаргана гэх нэрийдлээр эхнэртэй нь бэлгийн харьцаанд ордог талаар хэлсэн байдаг. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр /2019.03.21/-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ ”Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг “Сагсайдаж” ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон” гэж хэлсэн.

Мөн өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан мэдээлэл хийж, Е.Сагсай прокурорын хагас нүцгэн бичлэгийг олон нийтэд ил болгосон. Уг бичлэг нь 30 орчим секунд үргэлжлэх бөгөөд бүрэн эхээрээ 4-6 минут гэдгийг дурдсан юм.

Тэгвэл Е.Сагсай прокурор өөртэй нь холбоотой энэхүү дуулианд тайлбар өгчээ. Тэрбээр “Өдрийн сонин”-ы өнөөдрийн /2019.03.26/ дугаарт “Арван жилийн өмнө надад хүч хэрэглэн, дарамталж хийсэн тэр бичлэгийг Н.Энхбаярын хэргийг цагаатгахгүй бол нийтэд цацна гэсэн” гэх гарчигтай дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Уг ярилцлагад “Энэ бичлэг бол айлын гэрт болсон. Намайг айлд согтуу байж байхад гаднаас гуч орчим насны хоёр залуу орж ирж хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамтлан рекет хийх замаар энэ бичлэгийг хууль бусаар хийсэн. Энэ ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна” хэмээн ярьжээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …