Б.Батсүх: Бид майхантай суултаа хуулийн дагуу хийсэн

Гэр хороолол хөдөлгөөнийхний өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийсэн суултыг цагдаагийн байгууллага албадан тараасан тухай тус хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Бид Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн. Нөгөө талаас төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. “Иргэд дуртай үедээ халуун усанд ордог больё”, “Бидний хашаа руу инженерийн шугам сүлжээ татаж өгөөч” гэх мэт өөрсдийнхөө амьдралыг ярьж л жагссан. Бусдаар  ямар ч улс төр яриагүй. Баасан гарагийн өглөө 11.00 цагт бидний жагсаал эхэлсэн.  Манай гишүүд “Хугацаагүй суулт зарлая. Тэгвэл бидэнд хариу өгөх байх” гээд  майхан барисан. Гэтэл бямба гаригийн орой 21.00 цагийн орчимд нийслэлийн цагдаагийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулсан. Учир нь уг захирамжид  “Нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгож, хэв журам алдагдуулсан хууль бус эдгээр хүмүүсийг албадан хүч хэрэглэж тараа” гэсэн байсан. Ингээд 23.00 цагт  цагдаа нар ирж буулгасан”гэв.

Энэ мэдээллийн үеэр дараах асуултад хариулт авлаа.

Бид Э. Бат-Үүл хотын дарга болгож өг гэж жагсаагүй шүү

-Цагдаагийн газраас энэ суултыг зөвшөөрөлгүй хийгдсэн гэсэн тайлбарыг өгсөн?

– Хуулиндаа бүртгүүлнэ гэж байдаг. Харин зөвшөөрөл гэдэг зүйл байдаггүй.

-Яагаад?

-Үндсэн хуулинд тайван жагсаал цуглааныг зохион байгуулах эрх чөлөөтэй гээд заачихсан байгаа. Бид гуравдугаар сарын 29-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүртгүүлэх зөвшөөрөл авсан. Мөн найман шаардлагынхаа хариуг авах хүртлээ суулт хийнэ гэдгээ хэлсэн. Иймээс бидний хийсэн майхантай жагсаал цуглаан зөвшөөрөлгүй хийгээгүй. Хуулийн дагуу хийсэн гэдгийг хэлмээр байна.

-Энэ сарын 5-нд жагсаал хийнэ гэж байна Ардчилсан нам ч гэсэн энэ сарын 5-нд жагсаал хийхээ мэдэгдсэн. Ардчилсан намтай хамтарч хийх юм уу. Та бүхний жагсаал цуглааныг Э. Бат-Үүл зохион байгуулдаг гэсэн мэдээлэл байнга явдаг. Үүнд тайлбар өгөхгүй?

-Өнгөрсөн амралтын өдөр Э.Бат-Үүл зохион байгуулж байгаа гэсэн гүтгэлэг зөндөө явсан. Гэр хорооллын иргэд бид байшин барих асуудлыг ярьж байхад улс төржүүлж Э.Бат-Үүлийг ярьж гайхаж байна. Бид Э.Бат-Үүлийн эрх хамгаалж байна гэж жагсаагүй. Гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлт оруулах асуудлыгг ярьж байгаа. Түүнээс биш Э.Бат-Үүл хотын дарга болгож өг гэж жагсаагүй шүү.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил одоо хийгдээд явж байгаа биз дээ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоочихсон байгаа. Иймээс энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Н.Алт

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …