С.Эрдэнэ: Монгол төрийн анхны нэгж нь өрх гэр бүл

logoӨчигдөр төрийн ордонд “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” үндэсний чуулган болов. Чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Сонирхолтой нь чуулганы бүх төлөөлөгч гэр бүлийн хоёр буюу хосоороо оролцсон нь монголдоо анхдагч шинэлэг арга хэмжээ байлаа.Чуулганы нээлтийн дараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Танай яамны зүгээс “Хүн амын хөгжлийн талаар ба­римтлах цогц бод­лого”-ыг ши­­нэчлэн боловсруулахын зэ­­рэгцээ Гэр бүлийн тухай бо­лон Хүүхдийн эрхийг хам­гаалах тухай хуулиудын ши­­­нэ­чилсэн найруулгын тө­сөл дээр ид ажиллаж байгаа гэсэн. Энэ чуулга уул­залтаас гарах санал санаачлагуудыг ши­нээр гарах хууль эрх зүйн баримт бичигт тусгах уу?

-Ер нь төр улс оршин тогт­нох үндэс нь гэр бүл байдаг. Бат бэх гэр бүл дээр суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулах ажлыг ХАХНХ-ын яам эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бидний гол зорилго бол өнөөдрийн гэр бүлийн үнэ цэнийг өргөх, гэр бүлийн бат бэх байдлыг яаж бэхжүүлэх вэ, хэрхэн ямар арга замаар өв тэгш гэр бүлийг цогцлоон байгуулж, өнө удаан бат тогт­вортой хадгалах вэ гэдэгт чиг­лэгдэж байна. Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 768 мянган өрхийн бат бэх байд­лыг хангах, тэдгээр гэр бүлд амьдарч байгаа хоёр сая есөн зуун мянган иргэнийхээ хөгж­лийн бодлогыг яаж хангах вэ гэдэгт гол бодлого, зорилгоо чиглүүлж ажилласан.

-Гэр бүл, хүн амд чиглэсэн бүх бодлого ерөнхийдөө ба­заж, зангидагдаад явж байгаа гэж ойлгож болох уу?

-Арай тэгж ерөнхийд нь ойлгож болохгүй. Бид нийт хүн амаа таван бүлэгт хуваан асуудлуудыг нь тусад нь авч үзэж байгаа. Энэ ч чиглэлээр хүн амын тодорхой бүлгүүдийн Үндэсний чуулгануудыг ам­жилттай зохион байгуулсан. Ингээд хүн ам зүйн хөгжлийн бодлогын гол зангилаа бол­сон гэр бүлийн Үндэсний чуул­ганыг “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” нэрийн дор зохион байгуулж байна. Эх­ний өдөр таван салбар чуул­ган зохион байгуулагдсан бол өнөөдөр /өчигдөр/ хоёр дахь өдрөө нэгдсэн чуулганаа ху­рал­­дуулж байна. Өнөөдрийн чуул­ганаас гарсан зөв­лөмж дээр тул­гуурлан Гэр бүлийн талаар төрөөс баримтлах болдлого, Гэр бүлийн хууль зэрэг эрх зүйн гол бичиг баримтуудыг ши­нэчлэн боловсруулах зорилго тавьж байгаа.

Дээр нь хүн амын хөгжлийн цогц бодлогын стратегийн баримт бичгийн гол утга санааг энэ чуулганаас олж авах зорилго тавьж байна. Учир нь энэ чуулганы төлөөлөгчид нь монголд анх удаа нэг гэр бүлийн гишүүдийг хамтад нь оролцуулж байгаагаараа өнөө­дөр өрх гэрт үүсдэг хүнд­рэл бэрх­шээл, тэндээс гарах арга замыг амьдралд ойр байдлаар зохицуулах талаар харилцан ярилцаж байгаагаараа ихээ­хэн шинэлэг төдийгүй, гарах үр дүн нь ч амьдралд хэрэг­жүү­лэхэд ойр дөхөм байх болно гэж тооцоолж байгаа.

-Гэр бүлийн тухай хуулийн зүйл заалтаас 30 гаруй ху­вийг нь өөрчлөн най­руулж бай­­гаа талаар яригдаж байна. Зайлшгүй тийм хэмжээний өөрч­лөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй юу?

-Гэр бүлийн тухай хуулийн талаар дэл­гэрэнгүй мэдээлэл өгнө гэвэл маш их хугацаа шаар­дагдана. Би үгийнхээ эхэнд тэмдэглэн хэлсэнчлэн төр улс оршин тогтнохын үн­дэс болсон гэр бүлийн бүх л харилцааг зохицуулдаг хууль эрх зүйн ба­римт бич­гийн талаар нэгдсэн цогц ойл­голт өгөхийн тулд асуултад ха­­­риулах байдлаар тайлбарлах боломжгүй юм. Үнд­сэндээ гэр бүлийн орчинд байгаа ши­нэ ханд­лагуудыг эрх зүйн зохи­цуу­лалтаар зохицуулах үндсэн зорилгыг бид өмнөө тавьсан.

-Гэр бүлийн хүрээнд үүсч байгаа шинэ хандлагууд, эрх зүйн зохицуулалт зайлш­гүй шаардагдаж байгаа тул­гамд­­сан асуудлуудын талаар арай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Бидний амьдарч байгаа цаг үе, орчин нөхцөл, дэлхий нийтийн хөгжлийн төлөв байдлыг дагаад монголын маш олон гэр бүлд цоо шинэ ханд­­лага, чиглэл амьдралаас ур­­ган гарч ирж байна. Өнөөдөр хүүхэд үрчлэлийн асуудал, хүүх­дийн эрхийн асуудал, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн асуу­дал, тэгээд дээр нь гэр бү­лийн цоо шинэ чиг хандлагууд гарч ирж байна. Жишээ нь хамтран амьдрагчийн эрх зүйн асуудлыг хэрхэн зохи­цуу­лах юм, гадаадад байгаа олон соёлт гэр бүлийн асуудал, олон соёлт гэр бүлээс төрсөн хүүхдийн асуудал гээд зайлш­гүй цоо шинэ эрх зүйн ак­таар зохицуулагдах учиртай тул­гамдсан олон шинэ асуудал босч ирж байна. Эдгээр бүх л асууд­лыг маш уян хатан, алсыг харсан байдлаар шийд­вэр­лэх гэр бүлийн цоо шинэ хууль эрх зүйн баримт бичгийг бо­ловс­руулах ажлыг манай яам хариуцан гүйцэтгээд явж байна.

-Дэлхийн даяарчлалыг да­гаад олон соёлт гэр бүлийн асуудал нь ганц манайх ч биш их олон улс орнуудад цоо ши­нээр босч ирж байгаа бас л нэг төрлийн “толгойны өвчин” бо­лоод байгаа. Энэ талаар Мон­гол Улс, танай яамны зү­­­­гээс баримталж байгаа бод­­­логыг арай дэлгэрэнгүй тайл­барлахгүй юу?

-“Толгойны өвчин” гэх нь ч хаашаа юм. Гэхдээ л энэ асуудал бол дэлхий ний­­­тийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь маргашгүй үнэн. Олон соёлт гэр бүлийн талаар гэр бүлийн орчинд цоо шинэ эрх зүйн зохицуулалт хийх зайлш­гүй шаардлагатай болоод байгаа. Монгол Улсын хувьд давхар иргэншлийн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл монголдоо юм уу Япон, БНСУ, АНУ гээд дэлхийн өнцөг булан бүрт очоод гадаадын иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд өдөр ирэх тусам олширч бай­гаа. Олон соёлт гэр бүлийн дундаас мэндэлж байгаа хүүх­дийн асуудал ч сүүлийн үед хурцдах маягтай болсон. Жи­шээ нь БНСУ-д монголын 2000 гаруй бүсгүйчүүд тэдний иргэнтэй гэр бүл болж, олон соёлт гэр бүлийн харилцаа үүс­гээд явж байна. Тэдгээр гэр бү­лүүдэд бас л 2000 хол давсан хүүхэд өсөн бойжиж байгаа. Тэдгээр хүүхдүүдийн тухайд гэхэд л ирээдүйд аль улсын харьяат болох вэ, тэдний эрхийн асуудлыг аль тал нь ха­риуцах ёстой юм гээд маш на­рийн хууль эрх зүйн орчин шаардагдаад эхэлж байгаа юм.

Өнөөдөр АНУ-д гэхэд л монгол хүнээс төрсөн мөртлөө мон­гол хэл мэдэхгүй, мон­го­лын талаар ямар ч ойлголтгүй ша­хам хэдэн зуун хүүхэд өсөн торниж байна. Зөвхөн тэнд бай­гаа олон соёлт гэр бүлийн хүүхдүүдийн талаар гэхэд л маш нарийн хууль эрх зүйн орчин шаардлагатай болоод ирж байна. Энэ бүх асуудалд цаашдаа тухайн улс орнуудтай хамтарч ажиллах, төрийн эрх бүхий байгууллагуудын хам­тын ажиллагааг шинэ ша­танд гаргах, гэрээ контракт бай­гуулах гээд маш их ажил хүлээгдэж байгаа. Зөвхөн эд­гээр гэрээ, бичиг баримтыг гэ­хэд л ямар эрх зүйд үндэслэн байгуулах вэ гэдэг нь өөрөө маш том асуудал болоод яв­чихаж байгаа юм. Тэгэхээр одоо­гийн мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хуулинд энэ та­лын наад захын зохицуулалт байхгүй. Энэ чиглэлд иргэний нийгмийн байгууллагууд, олон төрлийн ТББ-ууд, яам тамгын газруудтай нягт уялдаж тул­гамдаад байгаа асуудлыг хэр­хэн яаж зохицуулах вэ гэ­дэг дээр уйгагүй ажиллаж байна. Одоохондоо Гэр бүлийн тухай хууль маань төслийн хэм­жээнд явж байгаа учир өнөө­дөр шийд­вэрийн түвшинд та­­нил­­цуулах боломжгүйг ойл­гоорой.

-Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн хүрээнд нэлээн тул­гамдаж байгаа нэг асуудал нь гадны иргэдэд хүүхэд үрч­лүүлж байгаа тухай юм. Энэ асуудлыг хойшид хэрхэн зо­хи­цуулах вэ. Хууль эрх зүйн хү­рээнд хэрхэн авч үздэг юм бол?

-Энэ бол монгол хүний ген, удамшлын асуудалтай хол­­­боотой их эмзэг сэдэв мөн. Бүрэн бус тооцоогоор 400 га­руй хүүхэд харьд үрчлэгдсэн судалгаа байгаа. Үүний дий­лэнх нь АНУ-д тэгээд Европ, Азийн улсуудад үрчлэгдсэн тоо баримт бий. Монголоос тухайн улсуудад ажиллаж бай­гаа Элчин сайдын яам, консулын газ­рууд эдгээр хүүхдийн асуу­далд тун хойр­го, хөшүүн байд­лаар хандаж ирсэн нь нууц биш. Яалт ч үгүй монгол хү­нээс төр­сөн монгол хүүхэд тул тэдний ирээдүйд зайлшгүй анхаарал тавих ёстой. Би сая­хан Вашингтонд айлчлах үеэрээ тэнд байгаа Элчин сайд, консулуудтай уулзаж яг энэ асуудлаар санал солилцсон. Ер нь энэ жилээс эхлээд АНУ-ын холбогдох бай­гууллагуудаас хүү­хэд үрчлэл буюу мон­голоос үрчлэгдсэн хүүхдүүдийн та­лаарх тоо баримт, мэдээг бү­рэн авч, тэдний аюул­гүй ор­чинд өсөн торних баталгааг гар­гуул­даг болох талаар албан ёсны аж­лын эхлэлийг тавьсан. Ирэх оны эхнээс энэ талаарх тоо ба­римтыг манай яаманд ал­бан ёсоор ирүүлэх талаар харилцан тохи­ролцоонд хүрсэн. Энэ нь Монгол шиг жи­жигхэн орны хувьд багагүй амжилт юм.

Эцэст нь хэлэхэд хүн амын цогц бод­логын баримт бичиг нь өнөөдрийн гэр бүлийн асуудалд тулгуурлан боловс­руу­­­­лаг­дах учиртай. Учир нь гэр бүлээс ха­­маа­ралгүй хүн амын бүлэг, өрхийн ги­шүүн, иргэн гэж байхгүй. Тэд бүгд нийг­мийн анхдагч орчин болох гэр бүлд амьдарч, үйл ажиллагаанд оролц­­дог нь байгалийн хууль.

Өөрөөр хэлбэл Монгол тө­рийн анхны нэгж бол өрх гэр бүл. Энэ тухай түүхэн сур­валж би­чигт ч тэмдэглэн үл­дээсэн нь бий. Монгол Улс ХХI зууны хөгжилтэй хөл ний­лүү­лэн алхъя л гэж байгаа бол хамгийн эхлээд бат бэх гэр бүлд тулгуурлах учиртай. Ма­най яамны гол зорилго ч энэ асуу­далд чиглэгдэж байгаа юм.

Д.Түвшин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …