
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнөөдөр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ.

Б.Хурцыг цагдан хорьсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр” Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Уг хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд хойшлуулшгүйгээр баривчилсан. Үргэлжлүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” гэж мэдэгдлээ.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагаанд оролцсон тагнуулын ерөнхий газрын хоёр, ШШГЕГ–ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг энэ хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.
Г.Нараа

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл