Ж.Батсайхан:Хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс одоогийн АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргад томилох саналыг УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өчигдөр /2019.04.30/ Хууль зүйн байнгын хороотой хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчдээс авлигатай тэмцэх байгууллагын дарга, дэд даргаар томилогдох гэсэн хүсэл,  зориг, сонирхол болон авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар оновчтой, шийдвэртэй үйл ажиллагаа явуулах, томоохон хэргүүдийг илрүүлж, шалган шийдвэрлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, тайлагнах үйл ажиллагааг нарийн,тодорхой болгох зэрэг өргөн хүрээнд асуулт асууж, хариултаа авлаа.


Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр явуулж, иргэдээс нүүр буруулахгүй.

Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалын чиг үүргээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Нээлттэй хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар “Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлнэ. Нэр дэвшигчдийн асуултад хариулт өгч байгаа болон байр сууриа илэрхийлж байгаа байдлаас энэ хүмүүсийг томилох боломжгүй үндэслэл байвал нэрийг нь санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжтой.

Мөн УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ томилох, эс томилохыг шийдээд явна. УИХ-тай зөвшилцдөг болон УИХ-аас томилдог албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар иргэд нэр дэвшигчдээс ач холбогдол бүхий асуулт асууж, хариулт авч байна.  Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд  энэ мэтчилэн тодорхой хэмжээгээр оролцох нь олон талын ач холбогдолтой. Томилогдох гэж байгаа албан тушаалтнууд ч эргээд иргэдийн хяналтад орж байна. Цаашид УИХ-тай зөвшилцдөг болон томилдог бүх албан тушаалтныг олон нийтийн хараа хяналт дор хэлэлцэж байх болно” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …