Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан иргэдэд нээлттэй ажиллана

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан зээл, төслийн сонгон шалгаруулалт, яамнаас баримталж буй бодлогын талаар өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан, ЖДҮХС-ийн захирал Б.Баттүвшин нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга “Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ эрхлэгчид их сонирхдог. Үүнтэй холбоотой санал гомдол манай яаманд их ирдэг. Энэ сангийн ажиллагаа нийтэд ил тод биш байна. Төсөл хүлээн авах хугацаа тодорхойгүй гэх мэт гомдол байдаг. Уг гомдлын мөрөөр эхний ээлжинд сангийн ажлаа ил тод болгохоор ажиллаж байна.Тиймээс та бүхэн ямар хугацаанд төсөл хүлээн авах болон өнгөрсөн онуудад зээлд хамрагдсан иргэд, аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг манай яамны цахим хуудаснаас авч болно. Цаашид Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сан улам нээлттэй, ил тод ажиллах болно”гэдгийг онцоллоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус сангаас 2009 оноос жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн бөгөөд энэ нь долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай юм. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлж, зөвхөн хүүг төлөх байдлаар шийдэж байсан ажээ. Харин хоёр дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх бөгөөд үйлдвэрлэгчдийг зээлийн дарамтанд оруулахгүйн тулд ийнхүү уян хатан нөхцөлийг санал болгодгийг албаныхан онцолсон.

2013 есдүгээр сарын 30-ны байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5.549 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төслийг шалгаруулж нийт 489.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Зээлийн үр дүнд 26.492 үндсэн ажлын байр бий болж 17.365 ажлын байрыг хэвээр хадгалан үлджээ. Тус санд энэ жил Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 39 тэрбум төгрөгийг иргэд, ЖДҮ эрхлэгчдийн ирүүлсэн төсөлд зээлээр гаргасан байна. Үлдсэн хөрөнгийг мөн зээлд зарцуулахаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сан төслийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зарлажээ. Төсөл сонгон шалгаруулах хурлын комисс арванэгдүгээр сарын 11-нд хуралдаж, зээл олгох жижиг дунд үйлдвэрлэгчдийг сонгож, Хөдөлмөрийн яамны цахим хуудсанд мэдээллэх юм.

Ингэснээр урьд нь зээлийн холбогдолтой аливаа маргаан, гомдлыг таслах боломжтойг албаныхан хэлсэн юм. Тухайлбал, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авахад танил тал их нөлөөлж байна гэсэн зөрчил, шүүмжлэл гардаг бөгөөд ийм асуудлыг үүсгэхгүйн тулд зээл хүсэгчдийн мэдээлэл, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод явуулдаг болсон байна.

Түүнчлэн ЖДҮ-ийг дэмжихийн тулд тал бүрийн үүрэг оролцоог сайжруулахын тулд Зээлийн батлан даалтын сантай хамтарч зээл олголтыг уян хатан болгож байгаа гэлээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээл авах хүсэлтээ гаргасан хүмүүст барьцаа хөрөнгийн шаардлагыг адил тавих юм. Хэрэв нийгэмд ажлын байр бий  болгох боломжтой, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн төсөл байсан ч зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай байвал Зээлийн батлан даалтын сангаар ийнхүү шийдүүлэх боломжтой ажээ.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …