Б.Жагар: Д.Тэрбишдагва Монголын талд шийдвэрлэх ёстой бидний ажлыг нураалаа

“Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-өөс Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхэн  нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг задруулсан хэмээн үзэж,  тус ажлын хэсгийг ахлагчаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан албан бичгийг төрийн гурван өндөрлөгт  хүргүүлж буйгаа өнөөдөр /2019.05.09/ мэдэгдлээ.

“Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-ийн тэргүүн Б.Жагар хэлэхдээ “Би 2018 оны гуравдугаар сарын 21-ны өдөр УИХ-ын даргын 57-р захирамжийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах эрх бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ ажлын хэсгийн ахлагчаар анх УИХ гишүүн Д.Дамба-Очир сонгогдон ажилласан. Харин түүний хувийн компани Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас замын тендер авсныг Б.Жагар миний бие тэмцэгч иргэдийнхээ хамт илрүүлэн ажлын хэсгээс чөлөөлүүлсэн.

Үүний дараа УИХ гишүүн Д.Тэрбишдагва тус ажлын хэсгийн ахлагчаар сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Гэтэл тэрбээр Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа Монголын талд шийдвэрлэх ёстой бидний ажлыг нураалаа. Мөн  нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг “Рио Тинто” компанийнханд өгч,  улсынхаа нууцыг задруулсан. Өнөөдөр ямар учраас “Рио Тинто” компанийн удирдлагууд төрийн ордонд орж энэ гэрээний зүйл заалтыг өөрчлөхгүй гэж дарамт үзүүлж байгаа юм бэ? Иймд улсынхаа нууцыг задруулсан эдгээр гишүүдийг гишүүний бүрэн эрхээс чөлөөлж, хатуу хариуцлага тооцуулах нь зүйтэй. Гаднын компанийн хууль бус үйлдэлтэй тэмцэхийг уриалж Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.

Мөн тэрбээр энэ үеэр МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.Б.Жагар: “Би МАХН-аас гарах болсноо албан ёсоор зарлаж байна. Намаасаа гарч байгаа шалтгаан нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй. Өөрийн итгэл үнэмшлээрээ ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр улс төрийн намаас гарч байна” гэсэн юм.

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …