Өөрсдийн амьдарч буй орчноо эдгээр залуус шиг нэгдэж ногоон, эко болгоцгооё

Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Тэгээд ч мод, ногоон байгууламж нь цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх нэгэн үндэс юм. Тиймээс залуус эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өөрийн санал санаачлагаар амьдарч, хөдөлмөрлөж буй орчиндоо мод тарих, ногоон байгууламж бий болгох үйлсэд нэгдэж байна.

 Энэ санаачлагыг хэрэгжүүлэгч залуусын төлөөлөл бол Чингэлтэй дүүргийн Нэгдүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд болон Ulaanbaatar hot pot рестораны хамт олон юм.

 Тэд өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд 200 ширхэг шинэс, голт бор модны суулгац гар бие оролцон тавдугаар цэцэрлэг, Түшиг 15 СӨХ, Батхолбоо СӨХ, Туул 45 СӨХ-ийн хамт олонтой хамтран тарьсан байна. Залуусын энэ санаачлага нь амьдарч орчноо эрүүлжүүлэхэд тустай, сайн үйл хэрэг бөгөөд тус хорооны оршин суугчид ихэд баярлаж, талархан хүлээн авч байгаагаа хэлсэн байна.

Мод тарьж байна гээд уулнаас булгалж авсан модыг эзгүй талд суулгаад орхих нь хэр оновчтой вэ гэдэг шүүмжлэл их гарах болсон. Харин үүний оронд өөрийн оршин байгаа газар, амьдарч буй хороо, орон сууцныхаа өмнөх талбайд эдгээр залуус шиг нэгдэн мод тарьж, ногоон байгууламжийг бий болгох нь илүү үр дүнтэй харагдаж байна.

Тэгээд ч тэртээд тарьсан модноос ялгарах хүчил төрөгчийг мөрөөдөж суухаар хашаандаа, орон сууцныхаа цонхон дотор, ажлын газрынхаа үүдэнд тарьсан модноос ялгарах цэвэр агаараар амьсгалах нь илүү ойрхон, илүү үр дүнтэй гэдэгтэй маргалдах хүн үгүй биз.

Тиймээс залуус  амьдарч буй хороотойгоо хамтран амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламж бий болгох жишгийг тогтооцгооё. Мод тарих нь хүн бүрийн үүрэг. Энэ үүргээ ухамсарлахын хажуугаар төрөлх хотоо ногоон, эко хот болгох үйлд нэгдье.


Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …