Өнөө шөнө, маргааш өдөр төвийн хэсгээр ихээхэн хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Маргааш өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Хэнтий, Сүхбаатар нутгаар 19-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Өөрөөр хэлбэл энэ цаг уурын үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг анхаарна уу. Эдгээр цаг уурын үзэгдлийн улмаас замд хальтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хөдөө хээр явж байгаа иргэд төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах нөхцөл байдал үүсээд байгаа тул анхаарал сэрэмжтэй байж, дулаан хувцаслаж, малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байна.