Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл болон бусад албаны төлөөлөл хийв.
Швейцарийн Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл болон Дэлхийн Банкны “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус эмхэтгэлийг боловсруулан гаргасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг нийслэл дангаараа бүрдүүлдэг билээ. Улаанбаатар хотод амьдран суугаа иргэд маань харьцангуй санхүүгийн мэдлэгтэй, хариуцлагатай болж, хотын төсвийн орлого, зарлагын асуудал иргэн бүрийн анхаарлыг татах болж, бүтээн байгуулалт, хийгдэж буй ажлуудад санал бодлоо илэрхийлэх нь нэмэгдсэн. Ийм цаг үед хотын төсвийн эмхэтгэлийг иргэдэд ойлгомжтой, энгийн байдлаар хүргэснээрээ нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэр, гарч буй урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, гадаад дотоодын зээл тусламжийн тухай мэдээллийг иргэд олж авахаас гадна ямар төрлийн хөрөнгө оруулалтыг хаана хийх, хэрхэн үр ашигтай зарцуулах тухай санал санаачилга гаргах, эргээд төсөвт хяналт тавих боломж бүрдэнэ” хэмээлээ.
Дэлхийн Банк, Германы хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй боловсруулагдсан тус эмхэтгэл нь нийслэлийн 2019 оны батлагдсан төсөв, түүнд туссан төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөрийг иргэдэд хамгийн ойлгомжтой хэлбэрээр зурагжуулан, тайлбартайгаар хүргэж буйгаараа онцлог юм.
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Иргэд хотынхоо төсвийг өөрсдөө хянах боломж олгож байгаагаараа энэ эмхэтгэл онцлогтой. Мөн нэг давуу тал нь зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд биш өнгөрсөн жилийн улсын төсвийг олон нийтэд харуулж байгаагаараа ач холбогдолтой юм. Тийм учраас бусад аймаг, хотууд энэ жишгээр иргэддээ мэдээллээ ил тод хүргэдэг тогтолцоонд шилжих байх гэж найдаж байна. Цаашид ч энэ ажил маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Иргэд хотынхоо төсвийг өөрсдөө хянах боломж олгож байгаагаараа энэ эмхэтгэл онцлогтой. Мөн нэг давуу тал нь зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд биш өнгөрсөн жилийн улсын төсвийг олон нийтэд харуулж байгаагаараа ач холбогдолтой юм. Тийм учраас бусад аймаг, хотууд энэ жишгээр иргэддээ мэдээллээ ил тод хүргэдэг тогтолцоонд шилжих байх гэж найдаж байна. Цаашид ч энэ ажил маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn, www.irgen-tur.mn цахим хуудаснаас татах боломжтой юм.