“Оюуны ундраа групп” ХХК албан ёсны мэдэгдэл гаргаж байна

Сүүлийн үед цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд удаа дараа зориуд, зохион байгуулалттайгаар халдсан худал гүтгэлэг доромжлол, буруу ташаа мэдээллийг олон нийтэд тараасаар байгаа тул доорх мэдэгдлийг хийж байна.

“Оюуны ундраа групп” ХХКомпани нийгмийн хариуцлагын хүрээнд олон зуун ажлын байрыг бий болгож, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд бизнесийн олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа ууган компаниудын нэг билээ.

Гэтэл Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр гэгч нь өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд хандан буруу ташаа мэдээлэл бүхий “Оюуны-ундраа” группын удирдлагуудыг бүх насаараа муулахгүй байх ХААЛТЫН ГЭРЭЭ надаас ШААРДСАН” гэх ноцтой гүтгэлгийг удаа дараа өөрийн биеэр тараан манай компанийн бизнесийн болон хувь хүмүүсийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан учраас түүний ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар бүх шатны хууль хяналтын байгууллагад хандаад байна.

Манай компанийн удирдлагуудыг удаа дараа гүтгэн “хаалтын гэрээ гэгчийг байгуулахыг шаардсан”, мөн тэдэнд “дарамт шахалт үзүүлсэн” гэх Х.Мандахбаярын хийсэн худал мэдээлэл, нэр төрд ноцтой халдсан гүтгэлэг доромжлолыг бид хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгох болно.

“Зиндаа” сэтгүүл, сайтын үүсгэн байгуулагч, “ТВ8” телевизийн эзэн “Жамух интернейшнл” ХХК-ийн захирал болох Хархүүгийн Мандахбаяр та “Оюуны ундраа групп” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг болох 104,9 сая төгрөгийн төлбөрөө төлөхөөс зайлсхийх зорилгоор үе үеийн улс төрч, бизнесменүүдийг энэ мэт байдлаар рекет шантааж хийж ирсэн явуургүй башир арга, заль мэх, түрэмгий ёс бус үйлдлээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, зориудаар манай компанийн нэр бүхий удирдлагуудын эсрэг турхирч байгаа хууль бус үйлдлээ зогсоож, өр төлбөрөө барагдуулна уу.

Х.Мандахбаяр нь өөрийн нэр хүнд, албан тушаалдаа аархан ТВ8 телевиз болон MNBC компаниудын хооронд үүссэн маргаантай асуудалд манай компанийг хамаатай мэтээр зарлан нотолгоо баримтгүй мэдээллийг, зохион байгуулалттайгаар өөрт хамаарах хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан нийтэд түгээж байгаа үйлдлээрээ “сэтгүүлчийн ёс зүй, нэр хүндийг гутаан доромжилж” шударгаар хөдөлмөрлөж байгаа олон зуун сэтгүүлчийг “Оюуны ундраа групп” ХХК-д худалдагдсан мэтээр мэдээлж, олон түмнийг санаатайгаар төөрөгдүүлэн бусдын хуулиар олгогдсон эрх, нэр төр, алдар хүндэд бүдүүлгээр халдаж байгаа ёс бус үйлдэл, үндэслэлгүй гүтгэлэгээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна.

Мөн өөрөө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч албан тушаалтай атлаа … Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Сэтгүүлчид худалдагдсан нь үнэн. Би ард түмнээсээ уучлал гуйж байна. Хэнийг ч хайрладаггүй, юуг ч хайрладаггүй ийм тогтолцоо бий болсон нь үнэн….гэсэн утгагүй мэдэгдэл хийж, Хэвлэлийн хурлаар дамжуулан Монголын сэтгүүл зүйн нэр хүнд болон шударгаар хөдөлмөрлөж буй сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг үл тоон үнэгүйдүүлж, нэр хүндийг гутаан доромжилсонд гүнээ харамсаж байна.

“ОЮУНЫ УНДРАА ГРУПП” ХХК

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …