БНСУ-ын иргэн Ким Ён Жүг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.06.10/ боллоо.
Ким Ён Жүг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалган, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс түүнийг хар тамхи сэтгэц нөлөөт бодис хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Хэргийг сануулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жүг Сүхбаатар дүүрэг дэх гэрээс нь баривчилсан байдаг. Шалгалтын явцад дээрх иргэний гэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч шалгасан ба дээрх этгээд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдсон юм.