Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Тус аяныг энэ жил нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс салхийг нь хагалж, өнгөрсөн сард Хан-Уул дүүрэгт нээлтийг нь амжилттай зохион байгуулж, 1,200 гаруй иргэнийг хамруулсан байна. Харин өчигдөр аяны багийнхан Дархан-Уул аймагт дөрөө мулталж, тав хоногийн турш тус аймгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар ажлаа эхлүүллээ. Аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг уламжлал ёсоор зохион байгуулах юм
Дархан-Уул аймгийн иргэдийн хувьд 2018 оны байдлаар зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлтээрээ 100 мянган хүн ам тутамд 254 тохиолдол бүртгэгдсэн нь улсын хэмжээнд хоёрдугаарт орж буй. Зонхилон тохиолдох хорт хавдрыг бүтцээр нь авч үзэхэд элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хорт хавдар дийлэнх хувийг эзэлж байна. Мөн 100,000 эмэгтэйд ногдох өвчлөлөөр Дархан-Уул хамгийн өндөр буюу улсын дунджаас 2,8 дахин өндөр байгаа нь анхаарал татаж буй юм.
Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн найман жилийн хугацаанд аяны багийнхан 70 мянга гаруй км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан бөгөөд нийт 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 600 орчим хүнд яаралтай мэс ажилбар хийж, амьдрал бэлэглэсэн юм. Мөн тус аяны хүрээнд 10,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Аяныг хамтран хэрэгжүүлэгч, ХААН Банк Сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд зогсохгүй зохион байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцож, орон нутгийн 2,700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.
Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг билээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы дараагийн зогсоол Хөвсгөл аймаг бөгөөд 6-р сарын 17-ноос 5 хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллах юм байна.