Улаанбаатар – Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор ажиллаж байгаа билээ. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн байна. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Замын тендерт таван компани шалгарсан бөгөөд энэ долоо хоногт компаниуд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох аж.
Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр болсон. Одоогоор санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа ажээ. Есдүгээр сарын 15-наас замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.