Тус сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний хамтын ажиллагааг сайжруулахад оршдог. Түүнчлэн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулах аж.
Тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ жил Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс зэрэг улсууд анх удаагаа оролцох юм байна.