“Наро Банчэн Хутагт” сан “Өргөө” амаржих газарт ариутгалын шинэ аппарат бэлэглэжээ

“Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс  “Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ.

Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13 хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв “Наро Банчэн хутагт сангийн зүгээс нийгмийг соён гэгээрүүлэх сургалт болон хүмүүнлэгийн ажлыг чадах чинээгээрээ хийхийг зорьж байгаа юм. Өмнө нь манай сангийн зүгээс зарим эмнэлэг, цэцэрлэгүүдэд шаардлагатай аппаратууд хандивлан өгч байсан. Энэ удаа “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна. Тус эмнэлгийн зүгээс хүсэлт тавьсны дагуу бид судалсан. Үнэхээр, зайлшгүй шаардлагатай аппарат байсан ” гэв.

Харин “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг “Манай амаржих газрын хувьд 450 гаруй ажилтан, 360 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Жилдээ 12 мянга гаруй эхийг амаржуулдаг ууган байгууллагын нэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай байгууллагын хамгийн том цөм болсон ариутгалын хэсэгт техникийн үйлчилгээ хийгдсэн боловч ашиглалтын хугацаа нь нэгэнт дуусчихсан болохоор доголдол гарах зэргээр хүндрэлтэй нөхцөлүүд үүссэн.

“Наро банчэн хутагт” сангийн зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалын аппаратыг хандивлаж байгаа нь эх үрсийн эрүүл мэндийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Эх, нярайтай холбоотой бүхий л багаж, тоног төхөөрөмж, мэс засал, ариун зөөлөн эдүүд бүгд ариутгалын аппаратаар ариутгагдсан байх шаардлагатай байдаг. Тиймээс энэ автоклав манай эмнэлэгийн нэн тэргүүнд шаардлагатай төхөөрөмж байсан. Монголын олон мянган эх, үрс, ирээдүйн төлөө буяны гараа сунгаж, бидний хүсэлтийг хүлээн авсан “Наро Банчэн Хутагт” сангийн хамт олонд гүнээ талархаж байна” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …