Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө

(1952-2019)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсч, Монголын их урлагийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн билээ.

Тэрээр “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг 20 орчим киноны хөгжим болон найруулагч, зохиолчоор ажилласан, дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан, Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг байлаа.

Их хүмүүний эгшиглүүлсэн аялгуу бүхэн Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд эгшиглэн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …