Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Тухайлбал нэгдүгээр үе шатанд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.
Хоёрдугаар үе шатанд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.
Гуравдугаар үе шатанд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан.
Өдгөө гурван дүүрэгт нээгдээд буй Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт шат дараатай нээн ажиллуулахаар төлөвлөж буй бөгөөд 2019 онд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олширч буй юм. Мөн иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авч, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасч буй чухал ач холбогдолтой юм.