Айраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай сүүн ундаа юм. Гүүний сүү нь бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. 1 литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог юм. Оросын эрдэмтэн П.Ю.Берлин сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна.
Гүүний сүүний найрлаганд тос 2%, уураг 2.2%, лактоза 6.6%, С аминдэм 2.5-8.5 милграмм байна. Монголчууд 2000 жилийн тэртээгээс айраг хийж хэрэглэж иржээ. Гүүний сааманд чихэр 6-8% байдаг. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг.
Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Айрагны найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх амин дэмүүд бий.
Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор үнээний сүүнээс давуутай бөгөөд шингэц сайтай байдаг. Эмчилгээ сувилгаанд тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай, 1 литр гүүний айраганд 20 гр тос, 23 гр уураг, 35 гр чихэрлэг агуулагдах бөгөөд 453.7 ккал илчлэгтэй.