
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр хэлэлцэж, шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Нийслэлийн прокурорт нь буцааж шийдвэрлэсэн юм.
Шүүх хурлын дараа хохирогч гэгдэж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “24 CD баримт байсан ч яагаад нотлох баримт болдоггүйг гайхаж байна. Шүүх бүрэлдэхүүнийг хангалттай ажиллалаа гэж үзэхгүй байна. Эрүүдэн шүүсэн нь нотлогдоод, эдгээр хүмүүс суллагдах ёстой гэж би бодож байлаа. Харамсалтай байна” гэлээ.
Харин шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байгаа. Шүүх гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй байна гэж үзсэн. Хэргийн талаар өөр зүйл ярих ямар ч боломж байхгүй. Миний байр суурь хүртэл хэргийн нэг хэсэг болно” гэв.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл