Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцохдоо ингэж хэллээ.
Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын үйл ажиллагааг багтаасан “Баруун бүсийн олон улсын үзэсгэлэн” хэмээх арга хэмжээг Хятадын 15 яам, 12 муж болон Шинжааны Үйлдвэрлэл, барилгын нэгдэл хамтран 2000 оноос хойш зохион байгуулж иржээ. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд гадаадын 51 орон, Хятадын 27 мужийн бизнес эрхлэгчид оролцож, хөрөнгө оруулалтын 1590 гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ жилийн тухайд, 70 гаруй орны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа ба үүний дотор Австрали, Канад, Беларусь, Македон, Танзанийн төрийн өндөр албаныхан багтжээ.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжиж, ач холбогдлыг нь өндөрсгөх үүднээс нээлтийн ажиллагаанд нь гадаадын төр засгийн удирдлагуудыг жил бүр урьж оролцуулдаг байна. Энэ жилийн хүндэт зочин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ уг үзэсгэлэн нь олон улс, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх чухал талбар болсныг онцлоод, БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаа ийм чухал арга хэмжээнээс эхэлж буйдаа сэтгэл хангалуун байна гэлээ. “Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон. Зөвхөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад биш хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ч Монгол Улс нээлттэй. Харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмын дагуу урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн энэ үеэрээ онцолсон юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн “Домог” хамтлаг тоглолтоо сонирхууллаа.
Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэн 2013 оны 10 дугаар сарын 23-27-нд Хятадын эдийн засгийн төв болсон Чөндү хотод үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.