“Хүрээ цам-Даншиг наадам” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Гандантэгчэнлин хийд энэ сарын 6-8-нд зохион байгуулах шашин соёлын арга хэмжээний талаар өнөөдөр /2019.9.2/ мэдээлэл хийлээ. Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын үйл ажиллагаа энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав “Батцагаан цогчэн дуган нь 20-р зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их хэлмэгдэлтийн үеэс эвдэрч эхэлсэн байдаг.

Харин 2006 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны захиалгаар Гандантэгчэнлин хийдийн 1,080 лам хурах багтаамжтай “Батцагаан” их цогчэн дуганыг барихаар болсон. Барилгын ажил энэ жил дуусаж, энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийхэд бэлэн болжээ.Үүнтэй холбоотойгоор бид “Самвад-IIi” олон улсын хурлыг Монголд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү хуралд Энэтхэг, Япон, Шриланк, Бутан, Камбож, Мьянмар, Тайланд, Бангладеш, Балба, Хонг Конг, Сингапур, Вьетнам зэрэг орны лам хуврагуудаас гадна Австри, Их Британи, АНУ, Швейцар, Бельги, Германы болон ОХУ-ын буддын судлалын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцдог том хурал юм.

Энэ удаагийн хурлаар хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болох Зөрчлөөс зайлсхийх, Байгаль орчны аюулгүй байдал, Азийн ардчилал зэрэг сэдвээр хоёр өдөр хэлэлцэнэ.”Самвад-III” олон улсын хурлаар хүн төрөлхтөнд хэрэгтэй бодлого чиглэл болон онч мэргэн сургааль гарна гэдэгт итгэлтэй байна. Одоогоор тус хуралд оролцохоор 18 орны эрдэмтэн судлаачид илтгэлээ ирүүлсэн” гэлээ.

Гандантэгчэнлин хийдийн Боловсрол, соёлын ажилтан, цамын менежер С.Ишцог “Гандантэгчэнлин хийд болон нийслэлийн удирдлагатай хамтран наймдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон Даншиг наадмыг зохион байгуулж ирсэн.

Гэвч энэ жил нийслэлийн захиргаа энэ үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэний улмаас бид Даншиг наадмаа “Батцагаан” цогчэн дуганын нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулахаар болсон юм.

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам энэ сарын 5-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд хурал номын үйл ажиллагаагаар эхэлж, 8-ны өдөр 08:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Очирваань бурхны их тахилгаар олон нийтийг хамруулан үргэлжлэх юм. Их Очирваань бурхны тахилгын дараа 09:00 цагт Дамдин цойжил тэргүүтэй бүх сахиусыг огшоосон цамын бүжиг зохион байгуулж, 15:00 цагт Даншигийн цол олгох 256 бөхийн барилдаан болно” гэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …