УИХ-ын гишүүн Ж. Батзандан, Л.Болд нарын хамтран байгуулсан “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намаас өнөөдөр /2019.09.02/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэгдэж буй Баялгийн сан, УИХ-ын гишүүдийн тоо, хугацаа болон цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох зэрэг асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
“Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намын дарга Ж. Батзандан” 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хог хаягдлыг Монгол улсад хадгалах булшлахыг хориглосон гэж тухайн үед ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь 2011 онд гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг дээр цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон нэг ч заалт алга. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж гуай тухайн үед зарлиг гаргахдаа сонгуулийн, ард түмний эсэргүүцлийг намжаах зорилгоор ийм худал хуурамч зарлиг гаргасан байна.
Цөмийн хог хаягдлыг булшлахгүй мэтээр Монголчуудад хуурамч мэдээлэл өгсөн. УИХ-аар хууль гаргаж болиулах гэж байсныг ийм хуурамч зарлиг гаргаж зогсоосон байгааг бид харж байна. Ийм учраас үндсэн хуульд цөмийн хаягдлыг Монгол улсын нутгаар оруулах, булшлахыг хориглох зүйл заалт оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын дарга, ажлын хэсэгт албан ёсоор хандаж байгаагаа дуулгая” гэж мэдэгдлээ.
Мөн энэ үеэр тэрбээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргийн талаар ийн хэлэв
Тэрбээр “Монгол Улсын хуулиар шүүх аливаа шийдвэр гаргасан бол уг шийдвэрээ 14 хоногийн дотор баталгаажуулж, холбогдогч этгээдүүдэд хүргүүлдэг. Б.Хурц нарт холбогдох хэргийн 14 хоног өнөөдрөөр дуусгавар болж байна.
С.Зориг агсны амь насыг 16 настайдаа хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг. Төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд захидал ирүүлсэн. Тэр захидлаа дахин нотолж бидэнд ирүүллээ.
Ц.Амгаланбаатар төрийн гурван өндөрлөгт бичсэн захидалдаа “Эрүүдэн шүүсэн хүмүүс надад 500 сая төгрөг өгч гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө ч өгсөнгүй намайг гадагшаа ч гаргасангүй. Ахиж би гүтгэж чадахгүй” гэдэг асуудлаа дахин нотолж, УИХ-ын гишүүдэд хандсан байна. 14 хоног нь дууссан учраас прокурор ажлаа хийх ёстой гэсэн байр суурин дээр байна” хэмээн ярив.