“Хөвсгөр” бүсгүйчүүдийн загварын шоу Монголд анх удаа болно

Ирэх аравдугаар сарын дундуур Miror entertaiment болон “Ганган хөсвгөр” зэрэг Facebook групп санаачилж, Plus size буюу хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу анх удаагаа зохион байгуулах гэж байна. Одоогоор загвар өмсөх бүсгүйчүүдээ шалгаруулж байгаа бөгөөд шилдэг 30 модель уг шоунд оролцох юм.

2016 онд America’s next top model шалгаруулалтад Эшли Грэм гэх үзэсгэлэнт бүсгүй шалгарсан нь дэлхийн загварын болон гоо сайхны хандлагад шинэ цонх нээсэн явдал болов.

Учир нь тэрбээр бидний хэлдгээр мариалаг, хөвсгөр нэгэн байлаа. Эшли одоо ч уг шоуны шүүгчээр ажиллаж, сая сая үзэгчдийн хайрыг татсаар буй. Дэлхийн хүн амын 58.3 хувьд нүүрлээд буй таргалалттай тэмцэх, түүнийг бууруулахад ихэнх үйл ажиллагаа чиглэдэг ч нэгэнт талаас илүү хувийг эзлэх бүлгийнхэнд зориулсан загварын чиг хандлагын өөрчлөлт мөн чухал байр суурь эзэлсээр ирлээ.

Нью Йорк хотноо plus size моделиудын загварын долоо хоног зохиогдоод уламжлал болсон ба дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, том биетэй бүсгүйчүүд нэг дор цугладаг уг арга хэмжээ үзэгчдийн тоогоор Парисын загварын шоутай дүйцэж очдог.

Энэ хандлага манайд ч газар авч, “хөвсгөр” бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг олж харах “нүд” нээгдсээр буйн нэг илрэл нь Plus size шоу болох юм. Уг загварын шоунд үндэсний үйлдвэрлэгчид бүтээлээсээ толилуулахаас гадна дуудлага худалдаа явагдана. Улаа эргэтэл дэлгүүр хэссэн ч таарах хувцас олддоггүйн зовлон эдэлдэг бүсгүйчүүд энэ үдэш зөвхөн өөрт нь зориулж урласан загварлаг сонголт хийж болох нь.

Үндэсний үйлдвэрлэгчдээс гадна дэлхийн брэндүүдийн том размерийн хувцас импортлогчид загварын шоуны нэг хэсгийг бүрдүүлэх аж. Таргалалтыг дагаад үүсэх стресс, эрүүл мэндийн эрсдэл, хувцасны олдоц муу зэрэг сөрөг үр дагавруудтай эвлэрэх биш, “туртлаа дэгжин байя л даа” хэмээх өөдрөг үзлийг зорилтот бүлгийнхэндээ хүргэх нь чухал гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …