Б.Мандухай: 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, хар тамхи хэрэглэсэн болон биедээ хадгалж байсан этгээдүүдийг илрүүлсэн. Энэ шалгалтын талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас тодрууллаа.

Энэ сарын 06-наас 07-нд шилжих шөнө явагдсан хяналт, шалгалтын талаар бичлэг олон нийтэд хүрээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явууллаа. Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Эдгээр 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан болох нь тогтоогдож, тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байсан. ХБНГУ-ын  2 иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

-Танай байгууллагаас хяналт, шалгалтыг  ямар давтажтай явуулдаг вэ?

-Хяналт шалгалтыг ямар давтамжтай явуулдаг болохыг хэлэх боломжгүй юм. Гэвч ЦЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газрууд болон бусад газруудад хяналт, шалгалтыг тогтмолхийж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явагдаж байгаа гүйцэтгэх ажиллагаа болон хяналт, шалгалтын ажил үргэлжилсээр байгаа.

-Хүнийг хар тамхи хэрэглэсэн болохыг илрүүлдэг тестын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Одоогийн байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүдэг тестыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Уг тестээр аливаа иргэнээс биологийн дээж /шээс/ авч газар дээр нь шалгаж, урьдчилсан байдлаар тогтоодог. Үүний дараа тухайн биологийн дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж тусгай шинжилгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулан эцэслэн тогтоодог.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …